УЛААНБААТАР ХОТЫН ОРЧНЫ БОХИРДЛЫГ БАЙГАЛИЙН АРГААР БУУРУУЛАХ БОЛОМЖУУДЫГ ТАНИЛЦУУЛНА

Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан “Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ургамлын үзүүлэх нөлөө, ач холбогдол” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулахад хөл газрын ургамал, олон наст ургамал, бут, сөөг болон модны үзүүлэх нөлөө, ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж, суурьшлын бүс, ой болон ногоон байгууламжид тарьж ургуулах ургамлын төрөл зүйлийг сонгохдоо орчны бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөллийг давхар тооцож тарих, энэ талаарх ойлголтуудаа нэгтгэх зорилготой аж.

Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцох хэлэлцүүлгийн үеэр хотын эвдэрсэн хөрсийг сайжруулах туршилт, судалгааны ажлын үр дүн, хөл газрын ургамлын хөрсөнд үзүүлэх нөлөөлөл, агаар хөрсний бохирдлыг бууруулахад үзүүлэх ач холбогдол, монгол орны байгалийн тарималжсан олон наст цэцэгт ургамал, ногоон байгууламжид ашиглах модлог ургамал, ногоон байгууламжийн хөрс бэлтгэх, ургамлын арчилгаа зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдана.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, НИТХ-ын “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн нийслэлийн хөрсний бохирдлыг байгалийн аргаар бууруулж, нийслэлийн болон айл өрхийн тохижилтийн ажилд өөрийн орны нөхцөлд тохирсон бохирдол шингээгч олон наст ургамлыг тарих асуудал нь шийдвэрлэх нөлөөтэй юм гэж Нийслэлийн Байгаль орчны  газраас мэдээлэв.

SHARE