Овечкин: АНУ-тай таарсан нь та нарт л сонин байх, бидэнд бол ялгаагүй

Словакийн Братислав болон Кошице хотноо болж буй хоккейн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Шөвгийн наймд Канад, ОХУ, Швейцарь, АНУ, Финлянд, Швед, Чех, Герман зэрэг хоккей илүү өндөр хөгжсөн найман улс шалгарсан.

ОХУ-ын шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтдоо Шведийг 7:4-өөр хожсон юм. Тэд шөвгийн наймд АНУ-тай таарлаа.

Шведийг хожсны дараагаар Александр Овечкин “Ялалт байгууллаа. Малкины дамжуулалтаар азтай гоол хийлээ. Өрсөлдөгчдөө амьсгаа авах сэхээ өгөлгүй их зөв тоглолоо, бид. Хурдтай тоглож, дарамт мэдрүүлж чадлаа. Та бүхэн өөрсдөө харсан байлгүй. Шөвгийн наймд Германтай биш АНУ-тай таарсан нь их сонирхолтой байна гэж үү? Та нарын хувьд бол тийм л байх. Харин бидний хувьд бол ямар ч ялгаагүй” хэмээн өгүүлжээ.

Энэ сарын 23-нд Улаанбаатарын цагаар 22:15-нд шөвгийн наймын Канад-Швейцарь, ОХУ-АНУ-ын тоглолт эхэлнэ. Харин 24-ны 02:15-д Финлянд-Швед, Чех-Герман тоглолт эхлэх юм.

Одоогоор мэргэн буучдын жагсаалтыг Евгений Дадонов /ОХУ/, Михаэль Фролик /Чех/, Энтони Манта /Канад/ тус бүр долоон гоолтойгоор тэргүүлж явна.

Энэ сарын 26-нд финалын тоглолт товлогдсон.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE