Роналдо “Ювентус”-ын дасгалжуулагчаар Моуриньог санал болгов уу?

Италийн спортын нэр хүнд бүхий хэвлэл La Gazzetta dello Sport өчигдөр нэгэн шуугиантай мэдээ цацлаа. Тэдний мэдээлснээр бол “Ювентус”-ын ахлах дасгалжуулагчаар Жозе Моуриньог томилохыг Криштиано Роналдо өөрөө биечлэн санал болгосон гэнэ.

Роналдо Моуриньо хоёр хэд хэдэн талаараа холбогддог нь нууц биш. Нэгд, хоёулаа португал эрчүүд. Хоёрт, хоёулаа Испанийн “Реал Мадрид”-д хамт ажилласан туршлагатай. Гуравт, тэд нэг агенттай. Жорже Мендеш Португалын хөлбөмбөгийн хоёр алдартны агентын ажлыг давхар хийхийн зэрэгцээ мөн харилцаа нь хүйтэрсэн үед “дулаацуулж”, эвлэрүүлэх үүргийг гүйцэтгэсээр ирсэн.

“Ювентус”-ын ахлах дасгалжуулагчаар томилогдох магадлалтай мэргэжилтнүүдэд Моуриньогоос гадна Карло Анчелотти, Антонио Конте, Маурисио Почеттино, Маурицио Сарри нарын нэрс голцуу дурьдагдаж байгаа.

Гэвч Карло Анчелотти энэ цуу дэгдмэгц “Би “Наполи”-д гэрээний дагуу хоёр жилээ ажиллахыг хүсч байна” гэж мэдэгдсэн. Антонио Контег “Интер”-т очихоор болсон тухай шуум тараад удаж байна. Маурицио Сарригийн хувьд одоогоор “Челси”-д ажиллаж, үлдэх эсэх нь эргэлзээтэй байгаа билээ.

Харин Маурисио Почеттино энэ улирлыг өндөрлүүлээд “Тоттенхэм”-ээс явж магадгүй гэдгээ ил зарлачихсан. Тэгээд ч өвөг дээдсийнх нь нутаг Итали. Почеттиногийн үеэл Даниелийн хэвлэлд ярьснаар бол Турины багт ирж ажиллахаас цааргалаад байх зүйл үгүй гэнэ.

Гэхдээ энэ удаад хэвлэлийн мэдээллийн дагуу Жозе Моуриньо дээр тогтож ярья. “Манчестер Юнайтед”-аас өнгөрсөн арванхоёрдугаар сард халагдснаасаа хойш телевизийн экспертээр ажиллалаа. Гэхдээ энэ долдугаар сарын 1-нээс шинэ ажилд орохоо саяхан зарласан. Газраа дурьдаагүй ч “Клопп, Гвардиола хоёр шиг хугацаа, хөрөнгө мөнгө харамгүй зориулж, эрх мэдэл элбэгжүүхэн олгох газар л очно” гээд мэдэгдчихсэн.

Мөн өнгөрсөн гуравдугаар сард “Хамтдаа ажиллаж байсан тун сайн харилцаатай тоглогчдын маань нэг одоогийн багаа надаар удирдуулахыг хүссэн” хэмээн Моуриньо зурагтаар өгүүлсэн удаатай. Тухайн үед хэвлэлүүд Моуриньогийн үгийг өлгөн авч “Ювентус” байж магадгүй гэх таамаглал дэвшүүлсэн юм.

Гэхдээ Роналдо Моуриньо хоёрын харилцааг сайн сайхан гэж хэлэхэд бас хэцүү. Роналдо “Ювентус”-т нөлөөтэй нь гарцаагүй үнэн. “Наполи”-гийн эзэн Аурелио Де Лаурентис хүртэл “Роналдо ирснээр “Ювентус”-ыг Аллегри биш тэр удирдах болсон” гэж мэдэгдсэн.

Роналдо клубын удирдлагад өөрийн саналаа тавих бүрэн эрх эзэмшиж буй нь ойлгомжтой аж. Гэхдээ түрүүн өгүүлсэнчлэн Моуриньотой харилцаа ороо бусгаа, барьцгүй.

“Реал Мадрид”-д хамт ажиллаж байх хугацаандаа тэд хэд хэдэн эвдрэлцээд авсан юм. Испанийн цомын финалын нэмэлт үед Роналдо “Барселона”-гийн хаалганд гоол оруулж, багтаа ялалт авчирсан. Гэвч хэдхэн хоногийн дараагаар Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт мөнхийн дайсандаа хожигдчих нь тэр. Энэ тоглолтын дараагаар Роналдо бухимдлаа нуугаагүй. “Багаараа шахуу өөрсдийн бүсдээ “суугаад” байхаар хожих боломж бараг байхгүй нь ойлгомжтой” гэж мэдэгдэв.

Мэдээж, Моуриньо шиг мэргэжилтэн ийм үгийг газар гээхгүй. Эхлээд Роналдод сануулга өгөв. Дараа нь “Сассуоло”-той хийсэн тоглолтод сэлгээний сандалд суулгачихсан.

Саявтархан Эммануэль Адебайор энэ хоёрын харилцааны тухай дурсахдаа “Бид 3:0-ээр хожиж яваад завсарлага боллоо. Гэтэл Моуриньо хувцас солих өрөөнд галзуурчихсан мэт ууртай орж ирээд, гараараа хөргөгч цохиж, зурагт өшиглөж, савтай ус чулуудсан юм. Ер нь багийнхнаа бүгдийг хөнөөчихсөн гэж хэлж болно. Нэг удаа бүр хет-трик хийчихээд байхад нь Роналдо руу хашгирч билээ. “Чамайг дэлхийн шилдэг гэцгээх юм. Гэтэл чиний тоглож байгааг. Үнэхээр тийм шилдэг юм бол түүнийгээ харуулаадах” хэмээн Моуриньо хашгирсан” хэмээсэн удаатай.

Тэдний харилцаа хэцүүдсэн үед агент Жорже Мендеш эвлэрүүлэхийг чармайж байжээ. “Үнэхээр хэцүү байсан үе бий. Ер нь тэр гурван жилийн хугацаанд хоорондоо цөөхөн дуугарсан байх. Мендеш л тэр бүрийд гүйж, эвлэрүүлэхийг хичээдэг байсан” гэж ойрын гэх эх сурвалж хэвлэлд ярьжээ.

“Валенсиа”-г 2:0-ээр хожсон тоглолтын завсарлагаар Роналдог ам нээх гэхэд нь Моуриньо хашгичиж “Наад амаа хамхиад зүгээр гүй” гэжээ.

Роналдо нэг удаа тоглолтын хувь заяаг шийдсэн гоол оруулчихаад байхад Моуриньо хамгаалалтад тусалсангүй гэж бухимдахад “Чиний төлөө хийсэн бүхний минь дараа ингэж байгаа юм уу? Яаж надтай ингэж ярьж чадах байна аа!” гэж Роналдо уурласан тухай сэтгүүлч Гильем Балаге португал хөлбөмбөгчийн тухай номдоо дурьдсан нь бий.

Роналдог уурлахад эхлээд Моуриньо зөөлөн өнгөөр тайлбарлах гэж үзэж. Гэвч нэмэр болохгүйг мэдээд хариуд нь мөн дуугаа өндөрсгөжээ. “Чи нэг юмыг мэдэж ав. Хүн бүр чиний тухай ингэж бодож байгаа ч хэлж чаддаггүй юм. Чи багийнхаа хамгаалалтад бас туслах ёстой” гэж орилжээ.

Моуриньо хэлье гэснээ нүүрэн дээр нь ч, хэвлэлээр хэлчихэд нэгэн. Энэ явдлаас хагас жилийн дараа “Би түүнд хийх ёстой ажлыг нь хэлсэн. Гэтэл өөрийгөө хөлбөмбөгийн талаар бүхнийг мэддэг гэж бодсон уу, үгийг минь сонсоогүй. Магадгүй тэр бүхнийг мэддэг биз” гэж хэлсэн байдаг.

Нэг удаа бүр “Би 30 жилийн турш дасгалжуулагчийн ажилд шамдахдаа Роналдо, Ривалдо, Фигу, Гвардиолатай хамт ажиллаж үзсэн. Роналдо гэж жинхэнэ Роналдо шүү. Бразилын…” гэж хэлсэн удаатай.

Гэвч цаг хугацаа ямар ч шархыг анагаадаг гэдэг. Тэгээд ч нэг цусны эрчүүд эцэстээ хэн хэнийхээ тухай сөрөг бус эерэг үгс хожим хэлцгээх болсон юм.

“Би Моуриньог шилдэг дасгалжуулагч гэж боддог. Тэр багийн төлөө олон сайн зүйл хийж, олон цом гардсан хүн” гэж Роналдо хэлсэн. Харин Моуриньо “Миний хүүхдүүд Пелегийн тоглолтыг үзэж чадаагүй ч 40 жилийн дараа Роналдогийн тухай ярьцгаах болно. Криштиано хөлбөмбөгийн түүхийн нэг хэсэг” хэмээн өгүүлсэн.

Хамгийн сүүлийн жишээг дурьдвал Аваргуудын лигт “Атлетико Мадрид”-ын хаалганд хет-трик хийснийх нь дараагаар Моуриньо “Роналдог баатар гэж нэрлэвэл зохилтой. “Ювентус” үнэхээр гайхалтай тоглолоо. Гэхдээ Роналдогийн энэ дайчин зан чанаргүйгээр ийм ялалтад хүрэх ямар ч боломжгүй юм” гэж хэлсэн билээ.

“Ювентус”-ын дасгалжуулагч хэн болох нь мөдхөн тодорхой болох нь лавтай. Тэр дасгалжуулагч  Аваргуудын лигт багаа түрүүлүүлж чадахуйц туршлагатай шилдэг мэргэжилтэн байх ёстой нь маргаангүй.

News1.mn Р.Гэгээ

SHARE