Бургер кингэд хордсон хүний тоо 140-д хүрчээ

“Бургер кинг” сүлжээ рестораны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хордсон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Анх энэ сарын 6-нд гурван хүн хордлогын шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгдэж байсан энэ сарын 15-н хүртэл хордсон хүний тоо 140-д хүрчээ.

Хамгийн сүүлд энэ сарын 15-нд хордлогын шинжтэйгээр эмнэлгийн тусламж авчээ. ХӨСҮТ, мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн мэдээллээр “Бургер кинг” сүлжээ рестораны Зайсан дахь салбарт очиж газар дээр ажиллажээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тандалт, сэргийлэлтийн тасгийн дарга Б.Батдорж “Тавдугаар сарын 6-ны шөнө 23:00 цагт манай эмнэлэгт гурван хүн ирсэн. Маргааш өглөө нь ХӨСҮТ, мэргэжлийн хяналтын газар тухайн байгууллагад очиж ажилласан. Бургер кингээр энэ сарын 2-7 хүртэл үйлчлүүж, бургер идсэн хүмүүсийн дунд  хордлого гарсан” гэсэн байна.

Бургер идсэн иргэд гүйлгэх, суулгах, бөөлжих, халуурах шинж тэмдгүүд илэрчээ. Мэргэжлийн хяналтын газраас тус газрыг шалгаад үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа гэнэ.

Бургер кинг сүлжээ ресторан нийслэл даяар 11 салбартай ажээ.

Эх сурвалж: news1.mn

 

SHARE