Ален Делон шүүмжлэл, эсэргүүцэл дор “Алтан дал мод” гардав

Францын алдарт жүжигчин Ален Делоны кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, Каннын кино наадмын дээд шагнал “Алтан дал мод”-ыг гардууллаа. Кино урлагийн амьд домог болсон 83 настай жүжигчинд тус шагналыг түүний төрсөн охин Анушка Делон гардуулсан юм.

Шагнал гардуулах ёслолын дараагаар Ален Делоны бүтээсэн олон гайхамшигтай дүрүүдээс “Ноён Кляйн” киноны хэсгээс үзүүлсэн байна.

Ален Делонд тус шагналыг гардуулах талаар Каннын кино наадам эхлэхээс өмнө зарласан байлаа. Жүжигчин ч өөрөө шагналыг гардах эсэхдээ эргэлзэж буйгаа мэдэгдэж байсан юм. Гэвч эцэстээ “Хамтран ажилласан олон найруулагчдыг хүндэтгэх үүднээс би энэ шагналыг гардах ёстой гэж шийдлээ” гэж мэдэгдсэн.

Ален Делон бол хурц, өөрийн гэсэн үзэл бодолтой нэгэн. Ижил хүйстэн хосуудад хүүхэд үрчлүүлэхийг эрс эсэргүүцэж ширүүн үг хэлсэн удаатай. Мөн эхнэртээ хааяа гар хүрчихдэг байснаа нэгэн ярилцлагадаа нуулгүй ярьсан нь “хүчирхийлэгч” гэж ад үзэгдэхэд хүргэсэн юм. Дээрх шалтгаар “Эмэгтэйчүүд ба Холливүд” хэмээх Америкийн эмэгтэй жүжигчдийн байгууллагаас Ален Делонд “Алтан дал мод” гардуулахыг эсэргүүцэж, 26 мянган хүний гарын үсэг цуглуулж, тусгай үйл ажиллагаа зохион байгуулсан.

Ален Делон өөрийг нь шүүмжлэгчдэд хандаж үг хэлэхдээ “Би одоо юу хэлэх вэ дээ? Зарим нь надад хайртай байдаг бол зарим нь үзэн яддаг биз. Гэхдээ миний жүжигчний замналыг бол хэн ч үгүйсгэж чадахгүй” хэмээн мэдэгдсэн.

Каннын кино наадмын уран сайхны удирдаач Тьерро Фремо энэ сэдвээр мэдэгдэл хийхдээ “Ален Делонд Нобелийн Энхтайвны шагнал олгоогүй. Тиймээс тэр өөрийн үзэл бодлоо бусдын адил чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” хэмээн мэдэгдсэн юм. Мөн олон нийтийн зүгээс шахалт дарамт ирж буй ч гэсэн үзэл бодолдоо үнэнч байгааг нь хүндэтгэж буйгаа илэрхийлээд “Хүн бүр өөрийн гэсэн зан авиртай байдаг. Харин кино наадам бол уран бүтээлчдийнхээ талд байх ёстой” хэмээжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE