“Баку-2017” олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдөр “Женко” клубийн тамирчин ОУХМ Ганбаатарын Одбаяр алтан медаль хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Украин, Азербайжаны бөхчүүдийг ялаад их шөвөгт “Лондон-2012” олимпийн наадмын аварга, “Рио-2016” олимпийн хүрэлтэй Гүржийн алдарт бөх Лаша Шавдатуашвилиг ялсан. Улмаар аваргын төлөө дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальтай Японы Рики Накаяаг вазари үнэлгээгээр ялснаар “Их дуулга” ангилалын анхны түрүүгээ авлаа. Түүнтэй шагналын тавцанд олимпийн гурван мөнгөн медальтай тамирчид зогссон бөгөөд Р.Накаяа мөнгөн медалийн тавцан дээр зогссон бол хүрэл медалийг “Рио-2016” олимпийн мөнгөтэй, дэлхийн чансааг тэргүүлэгч Азербайжаны Рустам Оружов, “Лондон-2012” наадмын мөнгөн медальт Унгарын Миклош Унгвари нар хүртлээ. Мөн энэ өдөр 81 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар Болгарын Ивайло Ивановыг 1 вазари үнэлгээгээр ялж, IJF-ийн Гранд Слам болон Гран При ангилалаас найм дахь хүрэл медалиа хүртсэн байна.
Эх сурвалж: http://sport.gov.mn