Ш.Раднаасэд намын дэмжлэгээ алдаж, Д.Амарбаясгалан тойргийг нь “усалж” явна

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан хэргээр МАН-ын Хяналтын хорооны шийдвэрээр Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөгдөхөөр болов. Бас дээр нь МАН-аас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг авах эрхгүй боллоо. Энэ нь нэг ёсондоо 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болсон гэсэн үг. Уг нь Ш.Раднаасэд Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн юм.

Тэгвэл ирэх сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвших эрхгүй болсон түүний орыг орлох хүн хэдийнэ тодорчээ. МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймгийн Дэлгэр сум чиглэлийн 126.7 км хатуу хучилттай зам энэ ондоо багтаж ашиглалтад орно. Уг замын барилгын ажил эхлээд долоо хонож байгаа бөгөөд нээлтээ тавдугаар сарын 13-ны өдөр хийжээ. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн удирдлагууд албаны бусад төлөөлөгчид оролцсон байгаа юм.     Говь-Алтай аймгийн бүтээн байгуулалтын ажилд ийн эртнээс санаа тавин баруун хязгаарыг зорих болсон нь Д.Амарбаясгалан генсекийн хувьд ирэх сонгуульд нэр дэвшихээр тойргоо ийнхүү “усалж” явна гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.

Харин тэр хойгуур нь МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон Ш.Раднаасэдэд таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар болсон.

МАН-ын Хяналтын хороо нь генсекийн шууд удирдлагад байдаг ажээ.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ       

SHARE