Д.Дамба-Очир: “Оюутолгой” компаниас ирсэн хүсэлтийн дагуу нууцад хамаарахгүй материал өгсөн

МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж нэр бүхий гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэхэд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “УИХ-ын даргад хандаж хэлэх зүйл байна. Өчигдөр МАН-ын Хяналтын хороо мэдэгдэл хийсэн. УИХ дээр болж байгаа үйл ажиллагаа, ялангуяа байнгын хорооны дарга нар ийш тийш байгууллагууд руу бичиг цаас их явуулж байгаа. Гэтэл үүнийг нам хэлэлцээд сахилгын хариуцлага тооцоод, таван жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаж байгаа юм байна. Би үүнийг ойлгосонгүй. Энэ нам чинь коммунист нам болоод байгаа юм уу. Нэртэйгээр нь бид хоёрыг хөөчих хэрэгтэй. Байнгын хорооны дарга нар үйл ажиллагаагаа л явуулж байна. Тагнуулын байгууллагаас хүртэл энэ нь хууль зөрчөөгүй гэдгийг хэлчихсэн. Мэдэгдэл дээрээ УИХ-ын гишүүддээ өгөөгүй байж гээд оруулсан байна лээ. УИХ-ын гишүүдэд аль хоёрдугаар сараас хойш тараасан. Нууцлалын зэрэглэлтэй юм байхгүй гэдгээ хэлсэн. Оюутолгой компаниас ирсэн хүсэлтийг дагуу тайлбар өгье гэсний дагуу нууцад хамаарахгүй материал өгсөн. Энэ бол өдөр тутмын төрийн явагддаг ажиллагаа. Тиймээс энэ асуудалд УИХ-ын дарга та анхаарч үзнэ үү. Эсвэл нэг мөсөн УИХ-ын гишүүн, намаас нь хөөчих хэрэгтэй” гэв.

Түүнийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлсэн хэмээн буруутгасан байна. Ингээд түүнд Хяналтын хорооноос таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE