Меган Маркл хуримын бөгжөө шуудангаар илгээсний учрыг тайлав

Их Британийн Хатан Хааны гэр бүлийн шуугиантай, содон гишүүн болох америк жүжигчин эмэгтэй Меган Марклын хувийн амьдралын тухай өгүүлсэн Meghan Markle: Movies, Marriage & Motherhood баримтат кино Channel 5 сувгаар цацагджээ.

Меган Марклын удам судар, ажил мэргэжлээс гадна нөхөртэй байсан нь Их Британийн Хатан Хааны гэр бүлийнхний хувьд бол онцгой явдал болсон. Ханхүү Харригийн сонгосон эмэгтэй ямар учраас эхний нөхөр, холливүдийн продюсер Тревор Энгельсоноос салсан тухай тус баримтат кинонд өгүүлжээ.

Энэ бол британичуудын хамгийн их сонирхож буй сэдэв гэнэ. Тэгвэл кинонд өгүүлснээр бол эхнэр нөхөр хоёр ажлын шаардлагаар хол амьдрах болсон нь салах гол шалтгаан болсон ажээ.

“Тэд долоон жил хамт амьдарсан. Дараа нь дахиад мөн хоёр жил гэр бүлийн харилцаатай байлаа. Тэдний салалтын шалтгаан бол хол газар ажилладаг, уулзах боломжгүй байсанд оршино. Меган сериалын дүр авч, түүнийгээ даган Торонтод амьдрах болсон бол Энгельсон Лос-Анжелест үлдсэн. Үүнээс болоод тэдний харилцаа бат бөх байх ямар ч боломжгүй болсон” хэмээн баримтат кинонд өгүүлжээ.

Хэдийгээр 2004 онд танилцсан ч тэд 2011 онд гэрлэсэн юм. Хуримын зочдоо согтууруулах ундаагаар бус харин марихуанаар дайлсан нь дуулиан болж яригддаг.  2013 онд гэрлэлтээ цуцлуулсан юм. Гэхдээ Меган Маркл хуучин нөхөртэйгээ уулзахыг хүсээгүй тул хуримын бөгжөө нь шуудангаар илгээжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE