Нобелийн шагналт эрдэмтэн Фэйнманы талийгаач эхнэртээ бичиж 31 жил хадгалсан захидал

Нобелийн шагналт, нэрт физикч Ричард Фэйнман олон талын авьяастай, адал явдалд дурлагч байж. Пентагоны нууц сейфний кодыг тайлж, атомын бөмбөг бүтээхэд гар бие оролцож явсан эрдэмтний эхнэр Арлин 25 настайдаа өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

1945 онд эхнэр нь өөд болсноос хойш хоёр жилийн дараагаар Ричард эхнэртээ зориулан захидал бичсэн аж. Тэрхүү захидлаа үргэлж энгэртээ хадгалж явдаг ч олонд огт дэлгэж уншуулаагүй ажээ. Харин 1988 онд амьсгал хураахаасаа өмнөхөн 31 жил хадгалсан захидлаа дэлгэсэн юм билээ.

Тэрхүү захидлыг хүргэж байна.

“Хайрт Арлин минь. Хонгорхон чи минь дэндүү үзэсгэлэнтэй.

Энэ үгсийг сонсоод баярлахыг чинь мэдэх ч, энэ удаад би зөвхөн баярлуулах гэж бичсэнгүй. Чамайгаа бодохоор сэтгэл зүрх минь дүүрч булгилдаг болохоор би бичиж байна. Чамдаа бичилгүй аймшигтай уджээ, хоёр жил өнгөрч. Гэвч зөрүүд намайгаа уучилна гэдгийг чинь мэднэ ээ. Чамдаа бичих ямар ч утгагүй мэт санагдсан юм.

Гэвч одоо хонгор эхнэр минь чамдаа урьдын адил бичих нь зөв гэдгийг ойлголоо. Чамдаа хайртай гэж хэлмээр байна. Чамайгаа хайрлахыг хүснэ. Үргэлж хайрлана.

Оюун ухаанаар ойлгож болохгүй байгаа бол чамдаа би хайртай чигээрээ л гэсэн үг. Чи минь нас барсан ч гэсэн чамайгаа халамжилж, хайрлахыг хүснэ. Мөн чи минь намайг хайрлаж, халамжлаасай гэж хүснэ. Өөрт тулгарсан асуудлуудаа чамдаа яримаар бодогдоно. Хоёулаа хамтдаа олон зүйл хийхсэн. Яагаад би өдгөөг хүртэл үүнийг бодож байгаагүй юм бол. Хоёулаа хамтдаа зөндөө зүйл хийж болох байж шүү дээ. Хувцас оёж, хятад хэл сурч, хамтдаа кино төсөл хэрэгжүүлж болох л байж. Одоо ч би хийж болно шүү дээ гэж үү? Үгүй ээ. Чамгүйгээр би орь ганцаараа. Чи миний хөдөлгөгч хүч, солиотой адал явдлуудад хөтлөгч минь байж.

Өвдөж зовиурлаж эхлэхдээ надад хэрэгтэй зүйлийг минь өгч чадахгүй болсондоо чи минь түгшиж шаналсныг би мэднэ. Гэхдээ тэгж шаналах хэрэггүй байсан юм. Тийм ямар ч хэрэгцээ байгаагүй. Чамайгаа байгаагийн чинь төлөө л хайрладаг гэж би хэлсэн шүү дээ. Одоо үүнийг урьд урьдынхаасаа л илүү хүчтэй мэдэрч байна. Одоо чи минь миний төлөө юу ч хийж чадахгүй ч би чамдаа өөр хэнийг ч хайрлаж чадахааргүйгээр маш их хайртай. Цаашид ч ийм байгаасай гэж хүснэ. Учир нь чи минь өөд болсон ч гэсэн энэ амьд хүмүүсээс хавьгүй сайхан.

Намайгаа тэнэг гэж загнаад, амьдралын минь замд тээг болмооргүй байна гэж хэлэх гэж буйг чинь би мэднэ ээ. Гэвч чи гайхах биз. Энэ хоёр жилийн хугацаанд би нэг ч бүсгүйтэй байгаагүй. Мэдээж, чамаасаа бусад шүү дээ. Чи үүнийг яаж ч өөрчилж чадахгүй. Би ч бас чадахгүй. Би юу ч ойлгохгүй байна. Би олон бүсгүйтэй тааралдсан. Бүр тун аятайхан ч бүсгүй байсан. Гэвч би тэр тоолонд зөвхөн ганцаараа л байхыг хүсч байлаа. Хэд гурван удаа болзоод л түүнээс уйдаж, холдохыг хүсэх юм. Надад ганц чи минь л бий. Чи минь жинхэнэ.

Хайрт минь, үзэсгэлэнт минь чамдаа хайртай. Эхнэр минь өөд болсон ч би түүндээ хайртай.

Рич

Жич: Чам руугаа энэ захидлыг илгээгүйд уучлаарай. Чинийхээ шинэ хаягийг би мэдэхгүй юм”.

News1.mn Р.Гэгээ

SHARE