“Манчестер Сити”-г шинэ тоглогч авахыг хориглож, Аваргууд лигээс хасч болзошгүй

Английн аваргаар тодроод хэдхэн хонож буй “Манчестер Сити”-г Аваргуудын лигээс хасахын зэрэгцээ мөн хоёр наймааны цонхоор шинэ тоглогч авах эрхийг нь хасч магадгүй болжээ.

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо болон Европын Хөлбөмбөгийн Холбооноос “Сити”-гийн санхүүгийн байдлыг өргөн хүрээнд хянаж шалгасан байна. Санхүүгийн фэйрплэйг ноцтой зөрчснийг олж тогтоосны зэрэгцээ мөн 18 хүртэлх насны хөлбөмбөгчдийг хууль бусаар багтаа элсүүлсэн гэх хоёр үндэслэлээр шийтгэл ногдуулах бололтой.

Гэхдээ “Манчестер Сити”-гийн удирдлага энэхүү шийтгэлийг хүлээн зөвшөөрөлгүй Олон Улсын Спортын Арбитрын шүүхэд хандах юм байна. Ингэснээр шийтгэлийг энэ зундаа багтаан хэрэгжүүлэх боломжгүй болох ажээ. Өөрөөр хэлбэл, 2020/21 оны улиралд Аваргуудын лигт оролцох эрхийг нь хасах шинжтэй байгаа гэнэ. Мөн шинэ тоглогч авах эрхийг хориглохыг ч тухайн улирлаас тооцох ажээ.

Ингэснээр “Манчестер Сити” энэ зуны наймааны цонхоор шинэ тоглогчдыг олноор авч амжихыг зорих гэнэ.

Тухайлбал, “Аякс”-аас Маттейс Де Лигт, “Лион-оос Уссем Ауар, “Атлетико”-гоос Родри, “Бенфика”-гаа Жоао Фелиш, “Айнтрахт Франкфурт”-аас Лука Йовичийг авахаар “Сити” хөөцөлдөж байна. Клубын удирдлагын зүгээс энэ наймааны цонхоор 200 сая паундыг шинэ тоглогч авахад гаргаж өгсөн гэж мэдээлсэн.

News1.mn Р.Гэгээ

SHARE