Энэ мэдээлэл үнэн бол шударга ёс ярьж, юм юм руу үсчихээсээ ичих хэрэгтэй

 

Б.Хишигбат

Дорнодоос УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон “Дорнод гурил” компанийн эзэн Х.Болорчулууныг хүмүүс мэднэ. Тэр тун шударга хүн харагддаг. Харагддаг гэсний учир нь тэрээр чуулган дээр оффшорын эсрэг, “Эрдэнэт”-ийн хувьчлалын эсрэг, Тавантолгойн гэрээний эсрэг, Ноён уулыг ашиглахын эсрэг, бүр Санжийн Баярын эсрэг зоригтой дуугарч чаддаг эр.

Харин хэд хоногийн өмнөөс нэгэн таагүй мэдээлэл хэвлэлээр цацагдаад сүйд боллоо. 2016 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Хавирга Архашаатын боомтоор Хятад улс руу баавгайн савар хууль бусаар гаргах гэж байсан хэргийг тагнуулынхан илрүүлжээ. Гэтэл уг хэргийг үйлдсэн этгээд нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү Хаянгаагийн Болорбаатар байсан гэж cэх сурвалжууд мэдээлж байна. Х.Болорбаатар нь 22-66 ДОР улсын дугаартай Лексус -570 маркийн хар өнгийн автомашиндаа таван ширхэг баавгайн нийт 20 саврыг тээвэрлэж явж байгаад баригдсан гэнэ. Баавгайн савар Хятадын хар зах дээр нэг бүр нь 5000 юань буюу 1.7 сая төгрөгийн үнэ хүрдэг ажээ. Ингээд бодохоор овоо хэмжээний мөнгөн дүн гарна. Энэ ч яахав,  гэмт хэрэг үйлдсэнийг хууль хяналтынхан илрүүлээд бариад авсан байна.

Харин энэ мэдээлэлд дурдсанчлан УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү ийм хэрэг өдүүлсэн бол эрхэм гишүүн цаашдынхаа ажилд, аманд анхаарах хэрэгтэй болж байна. Баавгай ална гэдэг баргийн аавын хүүгийн хийх ажил биш. Хамгийн гол нь хайрлаад энэ амьтан руу буу шагайхад хэцүү гэсэн үг. Хуулиар хорьсон ховор ан болохоор тэр шүү дээ. Гэтэл таваар нь нудраад тавхайг нь таслаад зарах гэсэн хэргийг төрсөн дүү нь хийсэн бол Х.Болорчулуун гишүүн чуулганы индэр дээр чухал царайлж, шударга ёс ярьж суух ямар ч хэрэггүй гэсэн үг. Учир нь төрсөн дүүгээ ёс суртахуунтай байлгаж чадахгүй байж төрийг ёстой, ёмбогор байлгана гэж үгүй. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээгээд, олон түмнээс уучлал хүсч, эрхэм гишүүний суудлаа өгөөд “Дорнод гурил”-ынхаа оффис руу зүглэхээс аргагүй шалтгаан үүссэн байна. Юутай ч маргааш шинэ долоо хоног эхлэхээр энэ мэдээлэл нэг тийш болно. Харин шударга яриа, ширүүн үгтэй юм юм руу үсчсэн эрхэм гишүүн хариуцлага хүлээх үү, хардагдаж хэлмэгдээд хоцрох нь уу гэдэг тодорхой болох юм.

www.news1.mn

SHARE