Захиргааны шүүхийн автор нь Ц.Нямдорж биш, Б.Чимид юм

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн энэ долоо хоногийн мэдэгдлүүд их хэрцгий байлаа. “Монголд шүүх байгууллага гэж байхгүй”, “Захиргааны шүүхийг чинь би УИХ-аар батлуулсан юм” гэж ирээд л ярилаа. Хэдийгээр Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилдог ч шүүх байгууллага яалт ч үгүй хууль зүйн салбарт харъяалагдана. Шүүх байгууллага гэдэг өөрөө шударга ёсны хамгийн том хэмжүүр. Гэтэл энэ салбараа сайд нь бут цохьсноор ард түмний шүүхэд итгэх итгэлийг навс унагаалаа.

Нөгөө нэг асуудал нь Захиргааны шүүхийн тухай байв. УИХ-ын чуулганы уржигдарын хуралдаанаар Захиргааны тухай хуульд өөрчлөлт оруулж Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянадаг байсныг болиулах хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Хуулийн өөрчлөлтийг санаачлан батлуулсан хүн нь Ц.Нямдорж байв.

Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахаа болих тухай асуудал ардчилсан нийгмийн маш том ухралт гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм. Засгийн газрын шийдвэрийг шүүх хянахгүй болсноор Засгийн газарт тавих ард түмний хяналт алдагдлаа гэж байна. Энэ бол тусдаа хөндөх том сэдэв юм.

Харин энэ удаад Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Захиргааны шүүхийн үйл ажиллагааг хязгаарласан хууль санаачлан батлуулаад зогсохгүй Төрийн ордноос “Захиргааны шүүхийг анх байгуулсан хүн нь би юм” хэмээн зарлалаа.

Монгол Улсад хууль зүйн салбарын тухай ярихад Б.Чимэд гэх хүний нэр заавал дагалддаг жамтай. Монголын хууль зүйн салбарын эцэг хэмээн түүнийг авгайлдаг. Хуулийн салбарынхан бүр илүү хэлнэ дээ.

Ардын багш, хуульч Б.Чимид гуай Монголын хууль зүйн салбарт олон шинэчлэлийг эхлүүлсний нэг нь Захиргааны хэргийн шүүх юм. Тэрээр 2000-аад оны үед Монголд захиргааны хэргийг хянадаг шүүх тогтолцоо байх ёстой хэмээн үзэж судалгаа шинжилгээ эхлүүлсэн байдаг аж. Удаан хугацаанд судалсан бүтээлээрээ “Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, нийгэм-эрх зүйн ач холбогдол “Захиргааны хэргийн шүүх: Монгол дахь шинэтгэл, дэлхийн улсуудын  жишиг” хэмээх том бүтээлийг 2004 онд туурвиж байжээ. Ингэж Захиргааны хэргийн шүүх байгуулагдсан түүхтэй аж.

Харин өнөөдөр Ц.Нямдорж гуай энэ шүүхийг би байгуулсан юм, буулгах нь миний дур гэх утгатай мэдэгдэл хийгээд зогсч байна.

Үнэндээ Захиргааны хэргийн шүүхийн автор нь Ц.Нямдорж биш, Б.Чимид юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE