Авлигын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах хуулийг Ш.Раднаасэд санаачилж, Х.Нямбаатар хамгаалсан уу?

Хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн хяналтынхны оролцсон 25 хүнд холбогдох авлигын том хэргийг шүүх шийдвэрлэлээ. МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан гээд энэ газрын хамгийн том, чухал, хариуцлагатай алба хашдаг хүмүүс иргэд, аж ахуйн нэгжээс 700 орчим сая төгрөгийг хээл хахуульд авсан хэрэг байв. АТГ-ынхан тэднийг анх 2017.12.07-ны өдөр үйлдэл дээр нь барьсан тухай, мөрдөн байцаалтын явцад ноцтой баримтууд илэрсэн талаар тухайн үед мэдээлж байв.

Уг хэрэг гарснаас хойш нэг жил таван сарын дараа уг хэрэгт холбогдох 25 хүнийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн мягмар гаригт хэлэлцэж эхлээд олон цаг үргэлжилсний эцэст хэргийн холбогдогчид цагаадлаа. Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга хамгийн дээд тал нь 40 сая төгрөгөөр торгуулан, хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

700 орчим сая төгрөгийн авлигын хэрэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хэлтсийн дарга нар оролцсон 25 хүний бүрэлдэхүүнтэй ийм том хэргийн шийдвэрлэлт нийгэмд дуулиан болоод байна.

Н.Баярсайхан нарын хэрэг хэрэгсэхгүй болсон нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017.07.01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой болж таарлаа. Энэ хуульд хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулж баталсан тухай тухайн үеийн улстөрчид, салбарын сайд нар мэдэгдэж байна.

МХЕГ-ынхны холбогдсон авлигын хэрэг, хуулийн хөөн хэлэлцэх хугацааг багасгасан үйлдэлд УИХ-ын дахь Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд холбогдож эхлээд байгаа юм. Авлига авсан байцаагч нар мөнгөө Ш.Раднаасэдэд өгдөг байсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарч буй. Хамгийн гол нь 700 орчим сая төгрөгийн хахуулийн хэрэгт жил гаруйхны өмнө холбогдсон хэрэгтнүүд 40 сая төгрөгөөр торгуулаад л эрх чөлөөтэй болсон хуулийг санаачлан батлуулсан хүн Ш.Раднаасэд болоод байна. Гэвч тэрээр өчигдөр сэтгүүлчдэд ийм хэрэгт холбоогүй гэж тайлбарлаж байна лээ.

Энэ тухай тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Бямбацогт “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга дээр УИХ-ын анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийх явцдаа эрүүгийн хэргийн эзэн холбогдогч тогтоогдсон асуудал дээр хөөн хэлэлцэх хугацааг үйлчлэхээр болгож оруулж ирсэн. Тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд байсан” гэсэн бол дэд сайд асан Б.Энхбаяр “УИХ дээр чуулганаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болохгүй байна гэдэг шүүмжлэлийг Ц.Нямдорж сайд өөрөө хэлж байсан. Хууль зүйн байнгын хороон дээр үүнийг өөрчилье гэдэг саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өөрөө гаргасан. Үүнийг Хууль зүйн байнгын хорооны бүх гишүүн дэмжсэн. Лу.Болд Ж.Батзандан бүгд зөвшөөрсөн кноп дарсан” гэжээ.

Хуулийн шинэ үйлчлэлээр хэрэг гарсан, гомдол гаргасан үеэс хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тооцохоор болсон аж. Өмнө  нь хэрэг шалгагдаж дууссаны дараагаас хөөн хэлэлцэх хугацааг тооцож эхэлдэг байжээ.

Гэтэл жил гаруйхны өмнө гарсан авлигын хэрэг ямар журмаараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг олон нийт гайхаж байна. Жил гаруйн өмнө болсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ойлговол улстөрчдийн холбогдсон томоохон авлигын хэргүүд ч ингэж цагаадах юм биш үү гэсэн шүүмжлэлийг учир мэдэх хүмүүс ярьж эхэлжээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар санаачлан хэлэлцүүлж, дэмжүүлсэн, авлига авсан байцаагч нараас мөнгө авдаг гэх хэрэгт холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс гадна өөр нэг түшээ энэ хэрэгт холбоотой байж мэдэхээр байна.

УИХ-ын чуулганы 2017.05.17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг сөхөж үзвэл  Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга эцсийн хэлэлцүүлгийг гишүүд хийжээ. УИХ-ын Н.Учрал Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн саналыг гишүүдэд танилцуулсан байдаг аж. Уг хуульд нэмж орсон хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэдэнтээ лавлаж асуусан тухай тэмдэглэл байна. Хэлэлцүүлгийн явцад өөр гишүүн энэ талаар асуулт, санал хэлээгүй юм байна. Тэр хэсгээс сийрүүлье.

О.Баасанхүү: – …Энэ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль одоо ингээд эхний дарааллаараа орж ирж байна л даа. Тэгээд эхний дарааллаараа одоо эцсийн хэлэлцүүлгээрээ орж ирж байгаа энэ зүйл дээр бол маш их уг нь гомдол санал Тэр дундаа хоорондоо бас уялдаа холбоогүй маш их юм байна л даа. Ялангуяа өнөөдөр одоо миний хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол энэ гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлууд байна. Дээрээс нь тэр одоо прокурорын өнөөдөр мөрдөн байгуулах уу, эс байгуулах уу тухай асуудал байна. Дээрээс нь одоо энэ энэний дараа бас үргэлжлүүлэх орох асуудал маань тэр нөгөө хөөн хэлэлцэх хугацааг бүр мөсөн байхгүй болгож байгаа юм байна. Эрүүгийн хэргийг. Хөөн хэлэлцэх хугацааг.

Хэрэг гарсан. Тэгээд шүүхээр шийдэгдэх хүртэл одоо хөөн хэлэлцэх хугацаа тооцно гэдэг чинь соёлтойгоор бол ямар ч хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа байхгүй гээд. Тэгэхээр ийм асуудлууд байгаа учраас уг нь эд нарыг уг нь нэг ард нийтээрээ хэлэлцүүлээд ард түмнээсээ асуугаад зарим нэг маргаантай зүйлүүдээр санал солилцоод явах арга байдаггүй юм уу. Би бол одоо бүлэггүй болохоор ямар завсарлага авалтай биш. Тэгээд ийм л

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацаа байхгүй болчихлоо гээд О.Баасанхүү гишүүн сая ийм буруу ташаа зүйл ярьж байх шиг байна. Та Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийг та нэг гаргаад хар. Өнөөдөр бол бид нар уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн асуудал ярьж байгаа. Эрүүгийн хуулийн 1.10 дээр хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголтыг оруулж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон бол хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байна. Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол гэсэн хөөн хэлэлцэх хугацаа ингээд зүйл, заалт бүрээр нь оруулсан байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг үндсэндээ 4 ангилсан. Хорих ялын дээд хэмжээг 12 жилээс дээш 20 жилийн хооронд одоо ийм хорих ялтай хэрэг үйлдсэн…/минут дуусав/

О.Баасанхүү: – Би сонсож байгаа дарга аа. Сонсож байгаа. Уучлаарай. Би ингэж хэлэх гээд байна л даа. Одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль баталсны дараа энэ хуулийг баталъя гэж байгаа байхгүй юу. Энэ хууль чинь таны яриад байгаа тэр Эрүүгийн хуулийн бүх юм байхгүй болгочихож байна. Өөрөөр хэлэх юм бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа анхан шатны шүүхээр орсноор дуусгавар болно гэж байгаа байхгүй юу.    Тэгэхээр чинь гарснаасаа хойш шүүх болох бүх хугацаанд бол тэр хөөн хэлэлцэх хугацаа чинь явна гээд хүчингүй болчихож байгаа байхгүй юу. Энийг чинь. Би энэ эцсийн хэлэлцүүлэг учраас та нар үүнийгээ батлуул. Энийг батлах гээд байгаа чинь ямар учиртай юм бэ гэж асуугаад байгаа юм.

Х.Нямбаатар: – Өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн саналын томъёололтой хамтдаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйл буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дагаж нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Яагаад ингэж орж байгаа вэ гэхээр хөөн хэлэлцэх хугацаа бүх төрлийн хэрэг дээр тодорхой хугацаанд зогсох, тасрах гэсэн ийм ойлголтууд байдаг.

Хэрэв энэ өөрчлөлт орохгүй бол хүнийг 20, 30 жил насаар нь шалгах ийм эрх зүйн нөхцөл байдлыг дордуулсан одоо ийм зохицуулалт орж ирэх гээд байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаан дээр бид нар бас оруулж ирж байгаа. О.Баасанхүү гишүүн танд тараасан материал дээр Эрүүгийн хуулийн 1.10-ыг давхар хөндөж байгаа. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын томъёолол давхар орсон гэдгийг хэлье гэжээ.

Үүнээс харахад хөөн хэлэлцэх хугацааг богиносгох тухай саналыг  Хууль зүйн байнгын хороон дээр Ш.Раднаасэд санаачлан дэмжүүлж, УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ингэж дэмжиж байжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

 

SHARE