ЮНЕСКО-д уйгаржин бичгийг сэргээх өргөх бичиг барьж их хэмжээний мөнгө авсан хүмүүс хэн байв?

Хэл соёл, бичиг үсэг гэдэг улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа. Монголчууд түүхэндээ 10 гаруй бичгийг сольж хэрэглэж ирсэн гэдэг. Түүн дотор өөрсдийн зохиосон, гаднаас зээлсэн нь ч бий.

Хамгийн сүүлд кирилл бичгийг уйгаржин бичгээр солих асуудал энэ цаг үед яригдаж байна. Монгол хэлний хуульд 2025 оноос хос бичгийг шат дараатай нэвтрүүлэх талаар хуульчлаад, Ерөнхийлөгчөөсөө эхлээд өрөөндөө монгол бичиг бичиж суудаг болов. Төрийн албан бичгийг кирилл, уйгаржинаар бичсэнээр уйгаржин бичгийн соёлыг тээж үлдэх арга хэрэгсэл гэж хууль боловсруулагч, зарим эрдэмтэд ярьж байгаа ч хачир дээрээ бичиг соёлын хөгжилд хойш ухарсан алхам гэж нэг хэсэг нь үзэж байна.

Үнэндээ олон нийт энэ асуудалд маш дургүй хандаж байгаа. Арга ч үгүй. Уйгаржин, кирилл бичгийг сольж байсан тохиолдол өмнө ч бий. Үүнээс болж 1990-ээд оныхон, түүнээс өмнөх сургууль төгсөгчид бичиг соёлын хувьд маш муу боловсорсныг монголчууд мэднэ.

Тиймээс уйгаржин бичгээс илүү кирилл бичгээрээ явах нь зүйтэй гэдэг санал, шинжлэх ухааны үндэслэлүүд бодит үнэнд илүү нийцэж байгаа юм. Захын жишээ гэхэд, кирилл үсэг дээр Монголын түүх, соёл, шинжлэх ухааны нээлт, ололт амжилт, хууль журам гээд бүх зүйл байна. Бүх ном зохиол энэ бичгээр л байна. Кирилл бичиг бол үндэсний бичиг үсэг. Тэгвэл уйгаржин бичигт шилжвэл наад захын дүрмээс эхлээд энэ их ном зохиол, түүх соёлын дурсгал, шинжлэх ухааны бүтээлүүдийг хэрхэх асуудал тодорхойгүй байна. Дэлхийн түүхэнд улс гүрнүүд ч ийм сорилттой тулгарч ирсэн. Хөгжлөө дагаад бичиг соёлоо гээх ёстойг нь гээж, үлдээх ёстойг нь үлдээж шинэ хөгжил рүү явдаг бодит жишээнүүд байна.

Германы руни бичиг гэж байгаа. Германчууд өнөөдөр руни бичгийг сэргээгээд явбал яах вэ. Оросууд бол эртний славян хэлтэй. Тэр бичгээ хэрэглээгүйгээс ард түмнээс салчихсан байна гээд хэрэглээд эхэлбэл юу болох вэ. Улс орон урагшлах тусам үндэсний бичгүүд олноор гарч ирдэг нь гэм биш жам гэдгийг эрдэмтэд хэлж байгаа юм.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн их сургуулийн захирал, доктор профессор Ч.Зэгиймаа “Хэлний бодлого гэдэг зүйл тухайн улс орон, үндэстэн өөрийнхөө хэлний талаар дотооддоо болон гадагшаа хандах бүх асуудлыг бодлогын түвшинд шийдэж явах ёстой. Энэ дотор зөвхөн монгол хэл ч байдаггүй юм. Гадаад хэлээ яах юм. Маш том цар хүрээтэй асуудал. Эцсийн эцэст үндэсний тусгаар тогтнолын баталгаа болж байгаа хэлийг яаж хамгаалж хөгжүүлэх вэ гэдэг асуудал болохоос монгол хэлний бичиг үсгийн асуудал биш. Бичиг үсгийг ингэж хүчээр тулгах ёсгүй. Хүчээр бичиг үсгийг сольдоггүй. Уйгаржин монголоор хэн шүлгээ бичээд дуугаа дуулаад байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан монгол бичгээр бичиж байна гэнэ. За яахав сурна биз. Харин бид хоёр, гурван, дөрвөн гадаад хэл сурах ёстой. Монгол хэл гуйвчихаар гадаад хэлэнд хортой болж байна” гэж байна. Тэрээр бас уйгаржин бичигт шилжихийг хуульчилсан тухайд “Сайн мэдэхгүй юм. Хэдэн хүний төслийн ажил болов уу. Тэгж ч ирсэн. Төслөө хийгээд тайван яв л даа. Монголын хэмжээнд төсөл хийхээр их мөнгөтэй болдог юм байлгүй. Кирилл бичиг нэвтрээд 100 орчим жил болчихлоо. Асар их хэмжээний оюуны соёл бий болчихсон. Юуг нь бичиж болохгүй байгаа юм. Би ч асуумаар байна” гэсэн билээ.

Худам монгол бичгийг ад үзсэндээ бус, Монгол Улс түүхийн хугацаанд хэрэглэж ирсэн бүхий л бичиг үсгээ тодорхой хэмжээнд уламжилж, хадгалж үлдэх ёстой. Юу үнэн, энэ үнэн билээ. Гэхдээ шууд бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүлж биш гэдгийг мэргэжлийн эрдэмтэд онцлоод байна.

Ерөөсөө кирилл бичгийг удаа дараа оролдох, уйгаржин бичигт шилжих тухай асуудал нь Монгол Улсын бичиг соёлыг хутган үймүүлэх, хөгжлийг арагш татах, улс нийтээр нь талцуулах оролдлого гэж учир мэдэх хүмүүс ярьж эхэллээ. Ийм оролдлого зөвхөн энэ цаг үед бус 30-аад жилийн өмнө ч яригдаж байсан сэдэв юм байна. Тухайн үед уйгаржин бичгийг нэвтрүүлэхтэй холбоотой ноцтой асуудал хүртэл үүсч байжээ. Тодруулбал, академич О.Шагдарсүрэн гуайн 1990-ээд оны дундуур бичсэн “Нэг монгол хэлээ хоёр ондоо хэл болгон зааж, цаг хөрөнгө хүч тарамдуулах хэрэг байна уу?” гэсэн асуудал хөндсөн нийтлэл байдаг юм байна. Тус нийтлэлд “…Сүүлийн үед олдож буй зарим мэдээ баримтаас үзвэл, 1990-ээд оны эхээр манай хэсэг нөхөд нэгэн өргөх бичгийг ЮНЕСКО-д оруулжээ. Уул бичигт өгүүлэгдсэнээр ЗХУ Монгол Улсын үндэсний үэсэг бичгийг устгасан учир монголчууд одоо үсэг бичиггүй харанхуй бүдүүлэг болсныг дурдаад, үүнийг болиулан сэргээж хуучин уйгур үсэг бичгийн соёлыг нь түгээх үйл ажиллааа явуулахад их хэмжээний мөнгө шаардагдаж буй хүсэмжлэн тавиад гаргуулж авсан байна. Энэ их мөнгө яасан тухай ямар нэгэн сураг чимээг алга болжээ. Гэтэл уг явдлаас 11 жилийн өмнө Монгол Улс хүн ардаа бүрэн бичигжүүлсний учир өндөр үнэлгээ-шагналыг ЮНЕСКО-гоос хүртсэн байлаа. Эдгээр мэдээ баримтыг дурдахын учир гэвэл монголчуудыг уйгур үсэг бичигтэн болгон хувиргах гэсэн янз бүрийн хэл ам гараад байгаагийн цаана бизнесийн зорилго нуугдаж байж болохын зэрэгцээ Монгол Улсыг өвөрмонголтой адилшуулах харийн бодлого явуулж байж болзошгүй” гэсэн нь анхаарал татна.

Бичиг үсэгтэй холбоотой 1990-ээд онд болж байсан үйл явдал, өнөөдрийн үйл явдлыг харахад улс үндэстний бичиг соёлоор бизнес хийх гэсэн, бүр цаашилбал хөгжлийг ухрааж өөр улс үндэстэнтэй нэгтгэх гэсэн харь улсын бодлого өнө удаан жилээр явж байна уу гэж хардахад хүргэж байгаа юм.

Эцэст нь, ЮНЕСКО-д өргөх бичиг барьж мөнгө авсан хүмүүс хэн байсан бэ гэдэг асуудал бас сонирхол татаж байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE