Сүхбаатарын талбайн урд газрыг Хотын даргад “хоол” болгон үлдээж болохгүй

Д.Бат-Очир

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр А/364 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрын эрхийн хүчингүй болгосон. Энэ газар “Ю Би Констракшн” ХХК-ийн нэр дээр байсан юм.

Тус газрын талаар анх 2006 онд НИТХ-ын дарга Н.Болормаа 26 дугаар тогтоолыг гаргаж байв. Тогтоолд “Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн урд талд орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорхи үйлчилгээний барилгын зориулалттай 2,5 га гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай” гэсэн байдаг.

Энэ тогоол гарсан өдрийн маргааш нь тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын “Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэхь Сүхбаатарын талбайн урд талд орчин үеийн шинэлэг усан оргилуур, газар доорх үйлчилгээний зориулалттай 2,5 га газрыг эзэмшүүлэх эрхийн төсөлд сонгон шалгаруулалтыг явуулсугай” гэсэн захирамж гаргасан. Энэ дагуу явагдсан сонгон шалгаруулалтад “Ю Би констракшн” гэдэг компани шалгарч, тус компанийн захирал Ч.Орхон Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулсан байдаг.

Сүүлд нь  Сүхбаатарын талбайн урд хэсгийн энэхүү 2.5 га талбайг “Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын захирамжаар засаж, 200 машины зогсоолыг ашиглалтад орууллаа” гэх мэдээлэл гарч байв. Су.Батболд тууз хайчилж, “Энэ зогсоол иргэдэд үнэ төлбөргүй” хэмээн ярьж байв. Гэвч удалгүй  “Ю Би констракшн” компанийн төлбөртэй зогсоол болж хувирсан. 2017 оны долдугаар сарын 31-нээс эхлэн нэг цагийн 1000 төгрөгийн тарифтай иргэдэд үйлчилдэг болсон юм.

Одоо тус газар усан оргилуур бүхий чөлөөт цаг өнгөрөөх байгууламж барих тухай Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ярьж байна.

Гэвч түүний үгэнд итгэж, энэ газрыг “мартаж” болохгүй юм.

Учир нь С.Амарсайхан дахиад өөр нэгэн  “Ю Би констракшн” олоод зарчихыг үгүйсгэхгүй.

Тиймээс Засгийн газар үүнд анхаарал тавьж Улсын тусгай хэрэгцээнд авах ёстой.

2017 оны есдүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Мөнхбаяр нар гарын үсэг зурсан Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын 287 дугаар тогтоол бий. Түүнд “Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
  2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай” гэж заасан байдаг.

Тогтоолын хавсралтад дурдсан журмын дагуу Улсын тусгай хэрэгцээнд авахад  Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар хангалттай нийцэж байгаа юм.

Тэгэхээр Сүхбаатарын талбайн урд газрыг Хотын даргад “хоол” болгон үлдээчихээд, араас нь бас л бөөн ажил төрөл болж гүйх эрсдэлээс сэргийлээд Улсын тусгай хэрэгцээнд авах шаардлага нэгэнт үүсчээ.

SHARE