Жүд Лоу гэрэл зураг ч авахуулалгүй нууцаар гэрлэжээ

Их Британийн жүжигчин Жүд Лоу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Лондоны нэгэн сүмд гэрлэжээ. Гэвч түүнийг гэрлэснийг хэвлэлийнхэн тухайн үед нь олж мэдсэнгүй. 46 настай жүжигчнийг Лондонд бус Парист зартай нижгэр хурим хийнэ гэсэн таамаг хэвлэлийнхэн дэвшүүлж, анаж байж. Гэтэл 32 настай сэтгэл судлаач бүсгүйтэйгээ Лондонд, ердөө хамар дор нь гялс гэрлэчихээд элдэв гэрэл зураг ч гэлгүй гарч оджээ.

Жүд Лоугийн анхны гэрлэлтийн ууган хүү Рафферти ёслолын хүрэмтэй зургаа авахуулж, эцгийгээ гэрлэсэн тухай олон нийтийн сүлжээгээр цацснаар л Их Британийн оддын ангууч шар хэвлэлийнхэн сая олж мэджээ. Ингээд хэвлэлийнхэн папараццчдаас зураг хайн зар гаргах шахуу юм болж байж цөөн хэдэн зураг олж авч чадсан байна.

Жүд Лоу өмнө нь дизайнер эмэгтэй Сэйди Фросттой гэрлэж, зургаан жил хамтдаа амьдрахдаа гурван хүүхэдтэй болсон байдаг. Үүний том нь дээр дурьдагдсан Рафферти. Раффертид 18 настай Айрис, 16 настай Руди гэх хоёр дүү бий.

Рудиг төрүүлсний дараахан Жүд Лоу эхнэрээсээ салахаар шийдсэн гэдэг. Эхнэр нь нэг өдөр хар тамхи татаж буйг Лоу санаандгүй олоод мэдчихэж. Ингээд их уурлаж бухимдан, хэсэг тусдаа амьдарчээ.

Хар тамхины хамааралд орчихсон эхнэр нь даарин дээр давс гэгчээр асуудал нь улам нэмэгдсэнд сэтгэлийн хямралд унаж, амиа хорлохыг завдсан байна. Энэ үед Жүд Лоу бүрмөсөн салахаар шийджээ.

Их Британийн төдийгүй холливүд даяар алдартай царайлаг жүжигчин ийнхүү 2003 онд гоонь эр болов. Гэлээ ч удсангүй Сиенна Миллертэй учир ургуулжээ. Тэд хамтдаа нэг хэсэг амьдарсан юм. Гэвч бас л болж өгсөнгүй. Хэвлэлүүдийн баталдгаар бол Сиенна Миллерийн хүүхдийн асрагч эмэгтэйтэй Жүд Лоу нууц амрагийн харьцаатай нь илэрч, тэд хоёр тийш болсон байна. Гэхдээ тэд гэрлээгүй байлаа.

Үүний дараагаар Америкийн жүжигчин Саманта Берктэй богино хугацаанд хамт амьдрахдаа охинтой болов. Удалгүй тэд салжээ. Харин дараа нь Кэтрин Хардингтай хамтран амьдарч, дахин нэг охинтой боллоо. Сүүлийн хоёр удаад тэр хэнтэй нь ч нэг жилээс илүү хугацаанд хамт амьдраагүй аж.

Таван хүүхэдтэй, тааруухан нэртэй Жүд Лоу 32 настай Филиппа Коан хэмээх олны танил огт биш сэтгэл судлаач бүсгүйтэй уулзаж эхэлсэн нь өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлийнхэнд ил болсон.

Жүд Лоу ч бүсгүйгээ нуугаагүй юм. Бүр яагаад сэтгэл нь татагдснаа ч шулуухан хэлсэн байдаг. “Түүний жирийн амьдрал, олны нүдний өмнө гарья гэсэн хүсэлдээ шатаад байдаггүй нь надад хангалттай сайхан санагддаг” гэж Жүд Лоу өгүүлжээ.

Хуримдаа Жүд Лоу ёслолын хар-хөх хүрэм дотуураа захгүй цагаан цамц өмсөж, хүзүүнээсээ алчуураа унжуулжээ. Мөн хар бүрх духдуулсан байна.

Хэвлэлийнхэн түүнийг “сэтгэл судлаачтай гэрлэж сэтгэлийн шархаа анагаахаар шийджээ” хэмээн дүгнэжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE