Эрхэм гишүүдийг ингэж шийтгэдэг байжээ

1911 оны Үндэсний хувьсгалаар монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээж, нэгдсэн Монгол улс байгуулах хүнд бэрх тэмцэлд орсныг түүх тэмдэглэдэг. Монгол оронд улс төр, нийгэм-эдийнзасгийн өөрчлөлт шинэчлэлтийн үзэл санаа түгэн дэлгэрч, зарим нэг практик алхмууд ч хийгдэж эхэлсэн юм. Тухайн үеийн дэлхийн улс орнуудын жишгийн дагуу Монголын улс төрийн амьдралд хийгдсэн нэгэн шинэ зүйл бол парламентын ёсыг үүсгэхийг оролдсон хэрэг юм. Улсын хурал нь Монголын улс төрийн амьдралд гарсан цоо шинэ үзэгдэл байсан бөгөөд дэлхий нийтийн ёс-парламентын ёсыг Монголд нэвтрүүлэхийн эхэн болжээ.

“Улсын хурал” нээхийн зорилго, ач тусыг “аливаа улс төрийн бүхий л хэрэгт эрх үгүй хэрэг бүр санаа эрж шүүмжлэн хэлэлцэж санаа бодлогыг нэгтгэн улсын хүчин чийрэг бат, эдийн засаг сэлбэг дэлбэг, хүн бүр хүрэлцэхээр бүр баян талбиу, дотоодод ариун тодорхой, гадаадад найртай түвшин болох явдлыг өдөр бүр эрмэлзэн цаг бүр чармайн шийтгэвээс зохимуй” хэмээн тодорхойлжээ.

Хурлын дүрмийн 2-р зүйлд Дээд, Доод хурлын эрх, үүргийг “Дээд хурлын олон сайд ноёд болбоос улс төрийн чухал хэрэгт бодлого гарган зөвлөн хэлэлцээд айлтгахыг айлтгаг. Таслан шийтгэхийг нь таслан шийтгэмүй. Доод хуралд тушаан өгч хэлэлцүүлэхийг нь хянан хэлэлцүүлмүй. Доод хуралд хэлэлцсэн хамаг хэргийг нягтлан тогтоож гүйцэтгэн шийтгэмүй. Доод хурлын олон түшмэд, бичиг данс бүхий ба үгүй, улстөрд тустай болох хэрэгт санаа гаргаж зөвлөн хэлэлцээд Дээд хуралд өргөж тогтоомуй. Дээд хурлаас тушаан өгсөн хэргийг хянан хэлэлцээд, саналыг илтгэн мэдүүлж тогтоомуй. Хэрэв хэлэлцсэн хэргийн дотор хараахан нэгэн адил үгүй болохул тус тусын учрыг гаргаж мэдүүлмүй” хэмээн тодорхойлсон байна.

“Улсын Дээд, Доод хурлын дүрэм”-д зааснаар Дээд хурал ням гариг бүр, Доод хурал баасан гаригийн 11 цагт тус тус хуралдах ажээ. Улсын хурлын гишүүд тусгай хувцас, малгайтай хуралд оролцож байх ёстой байсан ба тэр нь “дүгрэг малгай”, “охор хүрэм” байв.

Улсын хурлаас хоцорсон, тасалсан хүмүүсийг шар тосоор шийтгэж байв. Дээд хурлын гишүүд хуралд 15 минут хоцорвол “Нийслэл Хүрээний гол шүтээн Очир дара, Их дуганы Зуу, Дара эх, Бүгд Ерөнхийлэн захирах яамны шүтээн” гэсэн дөрвөн газрыг гурван өдөр, шөнө зул өргөх шар тос, 15-30 минут хоцорвол зургаан өдөр, шөнө зул өргөх шар тос, 30-45 минут хоцорвол нэг сарын турш өдөр, шөнө зул өргөх шар тос тус тус хураан авч байв.

Улсын хурлын гишүүд зайлшгүй тохиолдолд чөлөө мэдүүлэхдээ өөрийн биеэр хуудсаар бичиглэнэ. Мөн гишүүд Нийслэлээс гадагшаа явах, буцаж ирэхдээ заавал Улсын хурлын газарт мэдэгдэх ёстой байв. Дам төлөөний хүнээр чөлөө гуйлгавал хурал тасалсанд тооцож байв.

Энэ бол одоогоос 96 жилийн өмнө мөрдөж байсан журам. Харин өнөөдөр 15 минут байтугай 15 цаг, өдрөөр нь тасалчихаад юу ч болоогүй мэт явж л байдаг болсон. Дээрхээс үзвэл Улсын хурлын гишүүдийн хурлаа тасалсан гэм нүглийг арилгуулдаг байсан бололтой юм. Тиймээс өнөөдөр үүнтэй дүйцүүлээд шар тосны дайтай эрхэм эдээр нь торгодог тогтолцоо манайд хэрэгтэй байгаа юм.

Б.Туул

 

SHARE