Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг залуучуудад уриалав

 

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын арга хэмжээний үзэл санааг дэмжин “Даван туулагчдын дуу хоолой” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов. Энэхүү арга хэмжээг жил бүр Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдэн зохион байгуулдаг билээ.

“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын УЗ-ийн тэргүүн Т.Амартүвшин “НҮБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үе шатанд ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртдөг. Бид энэ арга хэмжээг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод дэмжлэг үзүүлэх, хүчирхийллийн даван туулагчид хохирогчдыг буруутгах хандлагыг халах, хүний эрхэд суурилсан аргачлалаар үйлчилгээ үзүүлэхэд нөлөөлөх зорилгоор зохион байгуулж байна. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэлийн шарх насан туршдаа арилдаггүй. Бид үзэсгэлэнг “Даван туулагчдын дуу хоолой” гэж нэрлэж байгаа юм. Дэлхий дээр хүчирхийлэлд өртсөн эмэгтэй чүүдийн тоо аль хэдийнэ нэг тэр бум болсон. Хүн бүр хүчирхийллийн эсрэг нэгдэж дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй” гэж онцлов.

Тиймээс нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулдаг ТББ-уудын үйл ажиллагааг дэмжиж ажилладаг бөгөөд нийгэмд эрүүл, эелдэг, хайр хүндэтгэл дүүрэн харилцааг төлөвшүүлэхэд залуу хүн бүрийн оролцоо маш чухал тул хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

SHARE