42 мянган жилийн өмнөх унагыг Орос, Солонгосын эрдэмтэд хуулбарлан амилуулна

ОХУ-ын Якутад хийсэн малтлагын үеэр 42 мянган жилийн өмнө амьдарч байсан унаганы сэг зэм олжээ. Мөнхийн цэвдэгтэй уулын гуу жалганд олон мянган жилийн турш хасах хэмд байсан сэг зэмээс эрдэмтэд цус гаргаж авч чадсан байна. Ингээд тэрхүү цусаараа яг тухайн унагыг хуулбарлан амилуулахаар ОХУ болон Өмнөд Солонгосын эрдэмтэд хамран ажиллаж эхэлжээ.

Унага нь эдүгээ цагт устан үгүй болсон Ленийн адууны үүлдэрт хамаарах юм байна. Хуулбарлан амилуулснаар хүн төрөлхтөнд олон мянган жилийн өмнөх амьтдыг дахин харах, өсгөж үржүүлэх боломжийг нээж өгөх юм.

ОХУ-ын Саха улсын Сибирийн Батагайк уулын тогоо орчмыг нутгийн иргэд “Тамын хаалга” гэж нэрлэдэг гэнэ. Тэрхүү “Тамын хаалга”-аас унаганы сэг зэмийг олсон байна. Олон мянган жил болсон амьтдын яс олддог ч энэхүү унаганых шиг муми шахам болж хөлдсөн шингэн цустай олдвор олддоггүй аж. Тиймээс ч эрдэмтэд маш ихэд олзуурхан ажилдаа орсон байна.

Хэдийгээр 42 мянган жил өнгөрсөн гэж эрдэмтэд багцаалсан ч унага яагаад амиа алдсныг ч шинжилгээгээр тогтоожээ. Эрдэмтдийн үзэж буйгаар бол унага 14 долоо хоногтойдоо усанд живж амиа алдсан гэнэ. Мөнхийн цэвдэгтэй уулын хасах хэмт газраас олдсон тулдаа унаганы арьс үс, сүүл, дотоод эрхтэн хүртэл хадгалагдан үлджээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE