ХУУЛЬ САХИУЛАГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД ЧУУЛЛАА

Нийгмийн амьдралын бүхий л хүрээнд тэгш эрх, тэгш байдал, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангаж, эх орондоо эрхзүйт төрийг төлөвшүүлэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа хүмүүс бол Хуульзүйн салбарынхан. Энэ эрхэм үүргээ эрчүүдтэй мөр зэрэгцэн биелүүлж, эрхийн манаанд зогсож буй эмэгтэйчүүд өнөөдөр чууллаа.

Хуульзүйн салбарт 26 мянга орчим албан хаагчид ажиллаж байгаагийн 20 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгвэл “Эмэгтэйчүүд эрхийн манаанд” энэхүү чуулга уулзалтанд Хуульзүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг болох  Гадаадын иргэн, харьяатын газар, ЦЕГ, ШШГА, ХХЕГ, ОӨУБЕШ, ХСИС зэрэг нийт 9 байгууллагын 600 гаруй эхчүүд, эмэгтэйчүүд оролцсон юм.

 

Чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд С. Бямбацогт оролцсон бөгөөд тэрээр чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин их ачаа үүрдэг. Ажил үүргийн хажуугаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ар гэрээ авч явах хүндхэн бөгөөд хариуцлагатай, цалин хөлсгүй атлаа цаг наргүй их ажил тэдэнд оногддог.  Эмэгтэйчүүдийнхээ энэ ачаанаас хөнгөлөх, асуудлаас хуваалцах явдал нь төр засгийн нэн тэргүүний зорилго байх учиртай. Тиймээс Хуульзүй, дотоод хэргийн сайдын хувьд салбарынхаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй амьдралд нь бага ч атугай хувь нэмэр болохыг зорин ажиллаж байна” гэлээ. Мөн салбарынхаа бүхий л бодлого чиглэлийн хүрээнд эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг нэвтрүүлэхийг зорьж, харьяа байгууллагын жендерийн нэгдсэн бодлогыг батлан хэрэгжүүлж байгаагаа ч энэ үеэр тодотголоо.

“Эмэгтэйчүүд энхийн манаанд” чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцож, хууль зүй, дотоод хэргийн салбарт хүчин зүтгэж буй эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр “Иргэд нэн тэргүүнд шударга ёс, амгалан тайван байдлыг хүсэмжилж байна. Түүнчлэн гаргасан, баталсан хуулийг хэрэгжүүлэх нь онцгой асуудлын нэг. Энэ бүхэнд хууль хэрэгжүүлдэг, хууль сахиулдаг салбарын эмэгтэйчүүдийн оролцоо чухал үүрэгтэй. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлж шударга ёсыг сахиулан, хүний эрхийн манаанд зогсон нийгмийг хүмүүнлэг болгож, сайхан харагдуулж байгаа эмэгтэйчүүдээрээ бахархаж байна” гэсэн юм.

Мөн үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдаа шагнаж урамшууллаа.  Гадаадын иргэн, харьяатын газраас Дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн дарга З.Өнөрсайхан “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр , Буянт-Ухаа боомт дахь Хяналтын улсын байцаагч С.Цэдэнсодном Хуульзүй дотоод хэргийн яамны “ Хүндэт жуух бичиг”-ээр, Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Б. Саранцэцэг Гадаадын иргэн, харьяатын газрын “Хүндэт тэмдэг”-ээр, мөн 34 настай, 4 хүүхдийн ээж, Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн, Ч. Үржинханд Хуульзүй, дотоод хэргийн сайдын гарын бэлгээр тус тус шагнагдлаа.

Дашрамд сонирхуулахад, Гадаадын иргэн, харьяатын газрын нийт албан хаагчдын 40 гаруй хувийг эмэгтэйчүүд, төвийн болон удирдах, ахлах албан тушаалтнуудын 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

 

DSC_0002DSC_0022DSC_0061DSC_0072DSC_0075DSC_0082

Эх сурвалж: http://immigration.gov.mn

SHARE