Өөрийг нь хөнөөхийг олон удаа завдсан эхнэрээ хайрласаар байна

Их Британийн Рэймонд Ветеролл хэмээх нэгэн эрийн амьдрал хэвлэлийнхний анхаарлыг татжээ. Эхнэр нь түүнийг хамгийн сайн найзтай нь нийлэн хэд хэдэн удаа хөнөөхийг завдсан ч Рэймонд урьдын адил хайрласаар байгаа гэнэ. Гэхдээ одоо тэд хамтдаа амьдардаггүй. Учир нь түүний эхнэр аминд нь халдах гэснийхээ төлөө олон жилийн ял сонсож, шоронд хоригджээ. Мөн Рэймондын хамгийн сайн найз ч шоронд орсон байна.

2015 онд Рэймонд Хэйлитэй гэрлэжээ. Тэд хамтдаа амьдраад удаагүй байтал Рэймондыг тархины хорт хавдартай гэсэн онош гарсан аж. Эмч нарын хэлснээр бол жил хагасын хугацаа л үлдэж.

Гэлээ ч Рэймондын залуу эхнэр Хэйли гашуудаж, харуусч сүйд болоогүйгээр барахгүй удалгүй хамгийн сайн найз Гленн Поллардтай нь амрагийн харилцаатай болжээ. Рэймонд үхлээ хүлээж буй тул дараачийн амьдралаа бодсон нь тэр бололтой. Гэвч Хэйлигийн аз харьж, 2017 онд Рэймондын өвчин эдгэж буй талаар эмч нар дуулгасан байна.

Рэймондын үхлийг хүлээж, өв хөрөнгийг залгамжлахаар зэхэж байтал ийм эргэлт гарсан тул Хэйли Гленн хоёр хамтарч, амийг нь хөнөөхөөр шийджээ. Гэхдээ золгүй тохиолдол болсон мэтээр харагдуулахыг хичээж.

Хоолонд нь хор хийж, усанд живүүлэхийг хичээх гэх мэтээр хэд хэдэн оролдлого хийсэн ч Рэймондын аз түшсэн байна. Эцэстээ санаандгүй буу алдсан болохоор шийджээ. Уг нь сум Рэймондыг онож. Бүр толгойг нь онож. Гэхдээ сум завьжных нь нэг талаар ороод нөгөө талаар нь гарчихаж.

Ийм хэрэг явдал гарсан тул цагдаа нар иржээ. Ингээд хэрэг нээн шалгаж эхэлснээр Хэйли болон Гленн мөн Гленн охиныг ч хэрэгт татсан байна.

Санаатайгаар хүний амь бүрэлгэхийг завдсан гэх үндэслэлээр Хэйли болон Гленний охинд тус бүр 15 жил, харин хамгийн сайн найз Гленн Поллардад 17 жилийн ял ногдуулжээ.

Гэвч Рэймонд Ветеролл одоо хүртэл эхнэртэй хайртай гэнэ.

“Би Хэйлид хайртай. Цаашид ч хайрлах болно. Энэ бүхнийг Гленн л сэдэж, хүч дорой эмэгтэйг түүндээ ашигласан. Тийм ээ, намайг хөнөөх гэж хэд хэдэн удаа оролдсон. Гэхдээ есөн голтой муур гэдэг шиг амьд үлдлээ. Үнэндээ одоо надад нэг их урт нас ч үлдээгүй биз. Гэхдээ л би хошин шогийн мэдрэмжээ алдаагүй, одоо ч инээж хөгжилтэй байж чадна” хэмээн Рэймонд өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE