НӨАТ-ЫН ТАЙЛАНГАА 3 САРЫН 10-НЫ ДОТОР ТАЙЛАГНАЖ, ТАТВАРЫН ТООЦООГОО ХИЙНЭ 

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар …Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө.
Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна. Татвар төлөх, тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварыг төлж тайлагнана. Татвар ногдуулах, суутган авах, төсөвт төлөх үүргийг хуулиар хүлээсэн этгээдэд үүргээ гүйцэтгэснийх нь төлөө хөлс төлөхгүй. Татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татвар, алданги, торгуулийг Татварын ерөнхий хууль болон тухайн төрлийн татварын хуулиар тогтоосон журмаар төлүүлнэ. Татвар төлөгч шууд бус татварыг тухайн үйл ажиллагааны үр дүн гарахыг хүлээлгүй урьдчилан төлнө.
Мөн Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар Татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг цахим, эсхүл цаасан хэлбэрээр бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл, хувь хүний тухайд энгийн бүртгэл хөтөлнө. Эдгээр баримтыг гадаад хэл дээр үйлдсэн бол татвар төлөгч түүнийг монгол хэл дээр орчуулж өгөх үүрэг хүлээх бөгөөд ийнхүү орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцна.
Татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах үүрэгтэй.
Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана. Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч нь татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь түүнийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.Татварын тайланд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болон татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна. Татварын тайланг гаргасан буюу ийнхүү гаргахад оролцсон этгээд уг тайланд гарын үсэг зурах бөгөөд хэд хэдэн этгээд хариуцсан үүргийнхээ дагуу тайлан гаргахад оролцсон бол ерөнхий нягтлан бодогч тайланд гарын үсэг зурна. Татвар ногдох зүйлийг бусдад шилжүүлсэн аливаа этгээд нь энэ тухай баримтыг шилжүүлэн авсан этгээдэд тухай бүр, татварын албанд шаардсан үед гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
Эх сурвалж: mta.mn
SHARE