Хайр сэтгэлээ эрхэмлэж, Мисс-ийн титмээ хураалгажээ

2018 оны Боливийн мисс Жойс Прадо титмээ хураалгажээ. 22 настай бүсгүй улсынхаа мисс-ээр тодорсон тул Miss Universe-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сард оролцсон байна.

Гэвч саявтархан түүнээс титмийг нь хураан авахаар болсныг зарлалаа. Хэргийн учир нь Жойс Прадо бие тулгар болсон гэнэ. Хүүхдийнх нь эцэг Парагвайн загвар өмсөгч Родриго Хименес гэдэг залуу ажээ.

“Тийм ээ, би хоёр сартай жирэмсэн. Хүүхдээ би төрүүлэх болно. Родриго бид хоёр бие биедээ хайртай. Хүүхдээ төрүүлээд гурвуулаа сайхан амьдрах болно. Бидний гэр бүл ч энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Хүүхэдтэй болсон тухай мэдээ биднийг улам ойртуулсан” хэмээн Жойс Прадо ярьсан байна. Харин тэрбээр мисс-ийн титмээ хураалгасан талаараа хар цагаан үг хэлэлгүй өнгөрчээ.

Мисс-ээр тодорсон бүсгүй уралдааны журмын дагуу жил гаруйн хугацаанд жирэмсэн болж болдоггүй, сайн үйлсийн аян эсвэл бусад арга хэмжээнд заавал оролцох үүрэг хүлээдэг аж. Тиймээс тус журмыг зөрчсөн тул титмийг нь хураасан байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE