Дархан аварга Д.Цэрэнтогтох: Хадаа уйлаад, зодгоороо сандал ороолгоод босоход би ч бас уйлсан…

Өмнө нь Лхагва гаригийн бөхийн ярилцлага буландаа Дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нартай хийсэн ярилцлагаа хүргэж байсан.

Харин энэ удаад Монгол Улсын дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохтой хийсэн ярилцлагаа хүргэж байна. Аваргын гэр III IV хорооллын Москва рестораны өмнөхөн байлаа. Аваргатай дөрвөн ч удаа ярилцлага хийж билээ. Аварга үг цөөтэй, өөрийнхөө тухай нэг их ярьдаггүй хүн. Харин бусдын тухай, нөхдийнхөө талаар их ярина. Энэ ярилцлага дээрээс ч тэр чанар нь эргээд уншихад илт мэдрэгдэж байна. Уран барилдаантай, үг хэл цэгцтэй сайхан аварга байлаа.

Бөхийн түүхэнд дэх хамгийн уран хурц барилдаантай дархан аварга Д.Цэрэнтогтохыг таньтай дахин уулзуулж байна. Хэдийгээр дахин ч гэсэн давтан нэг зүйлийг ярих биш болохоор танд сонирхолтой байх биз ээ.

  • Таны бие одоо хэр зэрэг байна. Хэдэн жилийн өмнө Монгол телевизээр таны тухай нэвтрүүлэг гарахад бие тань их тааруу байгаа тухай ярьж байсан?
  • Тэр үеийг бодвол бие маань сайжирсан. Хэд хэдэн удаа гадаадад явж эмчилгээ хийлгэлээ. Одоо гайгүй болсон.
  • Таны биеийг муу байхад хүмүүс их тусалж байв уу?
  • Яахав дээ, найз нөхөд, ах дүү нар минь бололцоогоороо л тусалж дэмжсэн. Харин спортын байгууллагын зүгээс бол туслалцаа дэмжлэг аваагүй дээ. Туслалцаа хүссэн ч надад олдохгүй байх. Дээхнэ үед бэлтгэл болоод тэмцээн дээр гэмтэж бэртсэн бол тэр тамирчинд тэтгэмж олгодог байсан нь одоо больсон бололтой. Би заавал хүмүүсээс туслалцаа дэмжлэг авах ёстой ч биш дээ. Өөрөө л хувиа борлуулж, довоо шарлуулж яваа хүн дээ.
  • Д.Амгаа заан “Спортод амиа хичээсэн хүн л амжилтад хүрдэг” гэж хэлсэн байдаг. Энэ талаар та юу боддог вэ?
  • Амиа хичээсэн хүн амжилтад хүрдэг нь үнэн. Гэхдээ амжилт гаргахын тулд гол нь эрүүл байх л хэрэгтэй.
  • Хэрэв та амиа хичээлгүй явсан бол таны гаргах амжилтад муугаар нөлөөлөх байсан гэж үү?
  • Ямар ч байсан амжилт гаргах боломж нэлээд хувиар буурах л байсан. Зөвхөн спортын амжилт ч бус мөн амьдралд минь нөлөөлөх л байсан даа.
  • Аварга аваргаараа төрдөг гэдэг. Аварга бөх бусдаас юугаараа ялгардаг вэ?
  • Анх харахад бүгд адилхан юм шиг санагддаг л даа. Хэн өрсөлдөгчийнхөө алдаа, хийг олон жил овжин ашиглаж чадаж байна, тэр бөх л аварга болдог юм. Тэрнээс биш аваргын алдрыг “май” гээд шууд өгчихдөг юм биш л дээ.

  • Таны хувьд бусад бөхчүүдээс юугаараа илүү байсан бэ?
  • Ямар ч үед хүний хөдөлгөөн, хий, бярыг ашиглаад давчихаж чаддаг байсан маань л болов уу.
  • Г.Өсөхбаяр зааныг аваргын бие хаатай төрсөн гэдэг…?
  • Чац арлаараа бол бусдаас илүү нь үнэн. Гэхдээ барилдаанаа эмхэлж цэгцэлж, нэг шугаманд оруулахгүй бол болохгүй л дээ.
  • Таны ид байсан үед энэ залуу арслан заанууд таньтай барилдсан бол хэн нь давах байсан бол?
  • Ямар ч байсан хол зөрөөтэй барилдахгүй л байсан болов уу?
  • Хол зөрөөтэй барилдахгүй гэдэг маань давах л байсан гэж ойлгож болох уу?
  • Тэгэх л байх гэж санаж байна.
  • Бөхийн дэвжээн дээр та уйлж байв уу?
  • Би яг дэвжээн дээрээ бол харуусаж уйлж байгаагүй ээ. Харин зүлэг ногоон дэвжээнээс зайдуухан үзэгчдийн суудал зэрэгт суугаад бол уйлж байсан тохиолдол бий.
  • 1975 оны МБАТ-ий спартакиадын бөхийн барилдааны сүүлийн тойрогт та начин цолтой байхдаа тэр даваанд л давбал заан цол хүртэх байснаа Архангайн Рэнцэндоржид унаад уйлж байсан гэж М.Мөнгөн арслангийн тэмдэглэсэн байсан үнэн үү?
  • Тэгэхэд намайг бас нэг хөөрхөн зальдчихаад яваад өгсөн юм. Би түүн дээр л их харууссан юм. Тэгэхэд заан цол авчихсан бол бас өөр л барилдах байсан даа.
  • Таныг яаж зальдсан хэрэг вэ?
  • Яахав дээ, хүний зальддаг аргаар л зальдсан даа.
  • Ер нь бөхөд ам мэх их байдаг уу?
  • Тэр мэхийг чинь л би хэлээд байгаа юм.
  • Та өөрөө ам мэх хийдэг үү?
  • Тэрнийг чинь сураагүй юм байна л даа.

  • Х.Баянмөнх аваргын арав дахиа түрүүлэхэд та бусгуулж уначихаад уйлж байна уу даа гэмээр харагдсан байсан…?
  • Зурагтаар гарсан нь арай худлаа байх аа. Би түрүүнд олны нүдний өмнө уйлж байгаагүй гэдгээ хэлсэн л дээ.
  • Та хэр шартай бөх вэ?
  • Миний шар ч дээ, голцуу дотроо явдаг юм.
  • Та Мөнгөн арсланг давж улсад түрүүлэхдээ давуулахад нь сэжиж дайраад давсан. Энэ тухай арслан “Би арай л яаран давуулчихсан” гэдэг юм. Та тэр мэхээ эртнээс бэлдсэн байсан уу?
  • Тэр бол жил гаруйн өмнөөс бэлтгэчихсэн мэхэнд орсон хүн л дээ. Харин тэр мэх бол яг тэр үед гарч ирсэн, өмнө нь нууцлагдчихсан байсан мэх.
  • Хадаа аварга хоёр дахиа түрүүлдэг наадмынхаа үзүүр түрүүнд таньтай үлдээд өлмий дээр тань гишгээд дайрчихсан гэдэг…?
  • Одоо кино хальсанд тэр нь буусан л байдаг юм. Би тэгэхэд унахааргүй байдалд орчихсон байсан л даа. Бид хоёр дахиад удах байсан. Гэхдээ би арай цуцах болоогүй, харин Хад арай илүү их баяр гаргаж байсан.
  • Хадаа аваргын талаар эргэж дурсана уу?
  • Хадбаатар бол үнэхээр хүмүүсийн ярьдгаар, тийм хөнгөн, цагаан сэтгэлтэй хүн байсан. Яг л тэр сэтгэлээрээ барилдснаасаа болоод алдсан нь их. Хэрэв Бат-Эрдэнэ шиг ингэж биеэ зөв сайхан авч явсан бол ер нь 1990 он хүртэл завсаргүй түрүүлж, олимп, дэлхийн аваргаас бүхий л медалийг бүгдийг нь авч явах ёстой бөх байсан юм. Даанч… Бид хоёр бол нэг дороос, “Алдар”-аас гарч ирсэн оны цэргүүд болохоор Хадааг мэднэ л дээ. Хадаа бөхийн тийм их авьяастай хүн биш ч гэсэн мэргэжлийн бөхийн замд оруулаад өгсөн бол агуу бөх болох байсан.

  • Хадаа аварга таны өлмий дээр гишгээд давсныхаа тухай хожим юу гэж ярьдаг байсан бэ?
  • “Би ч хаяхад хэцүү боллоо гэдгийг ойлгосон. Гэтэл би чамайг эргүүлээд нэг харсан чинь чи гэнэт арагшаа болж байгаа харагдсан. Тэгэхээр нь л би дайрчихсан чинь чи дор орчихсон. Яг ямар мэх хийгээд надад унасан юм бэ?” гэж сүүлд асууж байсан.
  • Тэгэхээр Хадаа аварга гишгэе гэж гишгээгүй л юм байна даа?
  • Тийм ээ, зүгээр алхалтандаа л гишгээд таарчихсан юм.
  • Ер нь та Хадаа аваргын сэтгэл нь хөдлөөд уйлж буй тохиолдлыг мэдэх үү?
  • Мэднэ ээ, уйлаад зодгоороо сандал ороолгоод босож байхыг нь би мэднэ. Хэрэгт холбогдчихоод сэжигтнээр асуугдаж байхдаа наадмынхаа бэлтгэлийг ханатал хийж ирчихээд яг наадмын нэгийн даваанд гарахын өмнөхөн нь Хадааг шүүхийн шийдвэр гарсан тул наадмаар барилдуулахгүй гээд хүмүүс ирэхэд, Хадаа уйлаад зодгоороо сандал ороолгоод боссон юм. Тэгэхэд ганц би ч биш, Хадааг харсан хүн бүр уйлж байсан. Үнэхээр бэлтгэлээ хийж ирчихээд наадамдаа түрүүлнэ гэж бодож суугаа бөхийг хуулийн ямар ч эрх, акт байхгүй байж наадамд нь зодоглуулаагүй юм. Хэрэг хийсэн эсэх нь ч тогтоогдоогүй л байсан юм шүү дээ.
  • Заавал наадмын өглөө барьж байгаа нь яаж байгаа юм болоо?
  • Би тэрнийг ерөнхийдөө зохион байгуулалттай ажил байсан байх гэж боддог юм.

  • 1986 онд билүү дээ, Бат-Эрдэнэ аварга заан цол хүртээд их шөвөгт таньтай тунахад бөх тайлбарлагч Ш.Чанарав гуай “Цэрэнтогтох аварга хөл авах гээд л байх шиг харагдах юм. Ойрдоо хөл авч байгаа харагдахгүй л байсан даа…” гэж байтал л та хөлийг нь авч түрж хөөгөөд давсан. Тэр мэхээ урьдаас бодож төлөвлөсөн байсан уу?
  • Мэдээж, тунах хувилбар байгааг бодож мэх бэлдсэн. Тэр барилдаанаас өмнө Партизан САА-д нэгэн барилдаан болж, бид хоёр үлдээд хав барьцнаас давхар ойчсон юм. Тэгэхэд Бат-Эрдэнэ босч ирээд надад тахимаа өгчихөөд явчихсан юм. Тэгээд тэр үед Бат-Эрдэнэ намайг хав барьцнаас л хаяна гэсэн ойлголттой байсан болов уу гэж би боддог. Би ч гэсэн сэрвүү барьцнаас хоёр гурван мэх хийгээд л хав барилдана гэдэг нь ойлгомжтой байсан л даа. Би тэр хөл авсан тухайд бол шууд хөлд гүйчихээгүй гарыг нь хуурч хөл авсан.
  • Та аваргыг ид гарч ирж байх үед нь хоёр гурван жил дарсан даа…
  • Яахав ээ, сүүлдээ аргагүй л насны ялгаа гарч, залуугийнхаа эр бяраар ноёлсон. Бид хоёр хоорондоо олон ч удаагүй барилдаагүй. Ерөөсөө зургаан удаа барилдаад л гурав гурав давсан.
  • Таныг чөлөөт бөхийн ДАШТ дээр ЗХУ-ын бөхийг мөргөснөөс болоод шийтгэж, барилдах нас, ирийг нь хаасан гэж ярьдаг нь үнэн үү?
  • ЗХУ-ын бөхтэй барилдаад би оноо илүү байхдаа бид хоёр талаасаа мөргөлдчихсөн юм. Уг нь нэг их сүртэй ч юм болоогүй л дээ. Тэгсэн чинь өнөөх орос чинь толгойгоо барьж хэвтчихээд босч ирдэггүй. Тэгээд хоёр хоёр торгуультай байтал намайг мөргөлөө гээд гурав дахиа торгоод хасчихсан юм. Тэгээд би барилдааныхаа бичлэгийг эргэж үзээд заргалдая гэтэл манайханд бичлэг харахад шаардагдах 25 доллар нь байгаагүй юм. Ер нь тэр мөргөлдснөөс болоод сүүлдээ нэлээд юм шийдэгдэж, нэг тааруухан байдалд орж байсан.
  • Хэрэв тэгэхэд ялсан бол медаль авчих боломж байсан уу?
  • Ямар ч байсан медаль дээр оччих л байсан.
  • Ер нь тамирчид иймэрүү байдлаас болж хохирох тохиолдол их гарч байв уу?
  • Би юу ч биш. Надаас илүү хүнд шийтгэл хүртсэн бөхчүүд олон бий шүү. Би нэг санаж явдаг зүйлээ хэлье. Манай чөлөөтийн О.Энхтайван уг нь их амжилт гаргах байсан юм. Гэтэл манайхан хоорондоо жаахан муудалцсны төлөө олимп, дэлхийн аварга зэрэг том тэмцээнд ч оруулаагүй.
  • Юунаас болж хэнтэй муудалцсан юм бэ?
  • Яахав дээ, Хойлогдоржтой л жаахан муудалцсан юм. Түүнээс хойш Энхтайван дандаа нөхөөсөнд явдаг байсан ч үргэлж медальтай ирдэг байлаа.Одоог хүртэл энэ тухай, Энхтайваны тухай хэн ч ярихгүй, хэлэхгүй юм. Түүнд зохих гавьяа шагналыг нь өгөх хэрэгтэй гэж боддог. Энхтайван одоо насаараа доголон явж байна шүү дээ. Бөхийн төлөө цагтаа сайн л зүтгэж явсан даа.

  • Өнгөрсөн наадмаар Бат-Эрдэнэ аварга барилдалгүй тахимаа өгсөн нь танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
  • Тэр даваанд амлах хүнээ л амласан. Тэгээд би барилдах нь гээд бодож байтал шууд тахимаа өгчихсөн. Аварга үүнийгээ “Анх эцэг нь намайг тунаанаас гаргаж байсан юм” гэж тайлбарласан. Тэр тунах хүн нь би байсан л даа. Тэгээд “Хүүг нь би тунаанаас гаргаж байна” гэх аястай үг хэлсэн. Би бол дотроо эхлээд бодохдоо “Аваргын бие энэ жил тааруу байна даа” гэж бодож байсан юм.
  • Таны галын заан Д.Сумьяабазар долоогийн даваанд арслан А.Сүхбатад гар ачуулан унасан. Гар ачиж мэднэ шүү гэж та сануулж байсан уу?
  • Тэр том наадам дээр өрсөлдөгчийнхөө барьцаар нь бариулна гэдэг хариуцлагагүйнх. Өмнө нь тэр мэхэнд унаж л байсан. Энэ мэх ирж магадгүй гэж ойлгож байгаа л гэж байсан юм.
  • Та бөхийн мөр хөөснөөрөө хожсон гэж боддог уу?
  • Эрүүл мэндийн хувьд жаахан хохирсон ч гэсэн ард түмний итгэл найдварыг бага ч гэсэн биелүүлж, улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж байснаа би гавьяа гэж боддог. Би ер нь улсын наадамд зургаан бөхөд л унасан байдаг юм. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Д.Хадбаатар, Ө.Эрдэнэ-Очир, Д.Долгорсүрэн.
  • Таны харамсаж явдаг барилдаан гэвэл…?
  • Эргээд бодоход олон жил үзүүрлэснээсээ түрүү болгож болох байсан даа гэж жаахан харамсдаг. Гэхдээ хүн бүр л ингэж боддог шүү дээ.
  • Таны хамгийн их баярлан хөөрч байсан барилдаан гэвэл…?
  • Хоёр Мөнх зөвхөн бие биендээ л унадаг байхад нь тэр хоёрыг хаяж эхлэхдээ одоо л бөх болох нь гээд баярлаж явсан маань юмуу даа.

  • Та улсын наадамд анх түрүүлэхдээ Х.Баянмөнх аваргыг олон сайхан угсраа мэх хийж давсан нь бөхийн түүхэн дэх хамгийн уран сайхан барилдааны нэг гэж яригддаг. Та тэгэхэд ямар ямар мэх хийсэн юм бэ?
  • Хутгаа, гуядаа, мордоо мэхүүдийг дараалж хийсэн юм. Ер нь Баянмөнх тэр мэхнүүдэд маань дангаар нь уначихсан байсан л даа.
  • Тэр угсраа гурван мэхээ хэдэн хоромд багтаан хийсэн бол?
  • За тэр ч, хоёр гурван секундын л асуудал байх даа.
  • Та начны найрааны тухай юу боддог вэ?
  • Би үүнийг ойлгодог ч үгүй, мэддэг ч үгүй. Яахав сайн бөх болох хүүхдийг дэмжиж даваа өгдөг байх. Гэхдээ даваа өгнө гэдэг маань ямаршуухан бөх болохын л хэмжүүр юм даа.

  • Бөхийн дэвжээнээс хүртсэн таны хамгийн эрхэм болоод хамгийн том бай шагнал юу вэ?
  • Улсад түрүүлсэн бөхийн тухайн үеийн бай болох 450 төгрөг том бай даа. Хамгийн эрхэм нь гэвэл анх улсад түрүүлэхэд Хөнгөн хүнсний яамнаас байр өгсөн нь юм. Үүнээс өмнө манайх олон жил айлын хажууд хавчуулагдаж амьдарч байлаа. Байртай болоод хүүхэд маань гэртээ дураараа тоглох эрхтэй болж, эхнэр маань ч гэртээ чөлөөтэй байж, би ч гэсэн хиртэй хувцсаа авчраад тохоход санаа зовох зүйлгүй болж их баярлаж байсан даа. Тэгээд байрыг нь авчихсан хүн урмыг нь хугалахгүй гээд сайхан барилдахсан гэж их боддог болсон доо.
  • Бөхийн дэвжээн дээр тохиолдсон хамгийн хачин сонин зүйл юу байв?
  • Би хоёр ялагдчихаад дэлхий, олимпийн аварга болж байгаа бөхийг харж байсан. Бас огт ялагдаагүй байж медаль ч үгүй хоцрохыг харж байлаа. Манай Ц.Сэрээтэр чинь тав ялаад, ганц ялагдаад тавдугаар байранд орж байсан юм шүү дээ. Тухайн үеийн барилдааны дүрэм нь тийм сонин дүрэм байсан юм.
  • Таныг 1974 оны Азийн наадамд түрүүлчихээд ирэхэд эхнэр тань их баярлан угтсан байх даа. Ер нь гэргийгээ амжилтынхаа ачаар олон баярлуулж байв уу?
  • Түрүүлчихээд ирэхэд үү… Яахав дээ, манай хүн хүүхдээ тэврээд л зогсож байсан. Одоогийнхтой адил ямар цэцэг яндар бариад гүйж ирэх биш дээ /инээв/. Дэвжээн дээр ялалт байгуулангуутаа ямар эхнэрээ бариад авч үзсэн биш. Анх наадмаар заан, арслан, аварга цол авахад баярлаад уйлж байсан. Гэхдээ цагаан сараар харин уйлдаггүй юм. Зөвхөн наадмаар л уйлна даа. Тэгэхдээ сүүлийн үед уйлахаа больчихсон байна лээ /инээв/.

  • Таны хүү Ц.Базаррагчаа, хүргэн, аймгийн арслан Д.Рагчаа нар наадамд зодоглолоо. Хоёр хүүгээ хэр хол явна гэж бодож байна вэ?
  • Базаррагчаагийн хувьд бэлтгэлээ хийгээд л явж байна. Харин Рагчаагийн хувьд бол хоёр жил дараалан хоёрын даваанд уналаа. Үүнийг би аз дутсан гэж бодохгүй байна. Харин хариуцлага дутсан байх.
  • Таныг нэг хэсэг бөхчүүдтэй цуг авто осолд орсон тухай яригддаг. Яг юу болсон юм бэ?
  • Би энэ тухай ярихыг хүсэхгүй байна.
  • Бөхийн барилдааны дүрэмд шүүмжилмээр зүйл байна уу?
  • “Хасуу”-д заасан барилдааны дүрмээр их идэвх гаргасан бөх нь зодогны араас тойруулж атгах барьц сонгуулах заалтыг үндэсний бөхөд эндүүрээд хэрэглээд байх юм. Ингээд байвал үндэсний бөхийн хэв маяг алдагдана гэж би бодож байна. Тэгж тойруулж бариулсан бөх өрсөлдөгчөөсөө илүү байлаа ч унахад тун амархан, давахад тун хэцүү байдаг. Бас удсан тохиолдолд зоос шидүүлж шийдэхээс өмнө бөхчүүд өөрсдөө зүгээр хуруудаад л хэн нь барьц авахаа шийдчихэж байвал дээр дээ. Хуруудчих нь шулуун шүү дээ.
  • Танд манай сониноор дамжуулан хэлмээр зүйл юу байна?
  • МҮБХ-ноос залуу бөхчүүдийг системтэйгээр бэлдэж, нэг давсныг нь дараагийн барилдаанд оруулж байгаа нь зөв. Ер нь улсын цолгүй бөхчүүдийн барилдаан жигд сайн байгаа нь МҮБХ-ны л ажлын үр дүн юм. Бас МҮБХ-ноос ахмад бөхчүүдэд цолны хишиг нэртэй тэтгэмж олгодог нь бөхчүүдэд их хэрэгтэй, зөв зүйтэй зүйл. Үүнд л талархаж явдгаа хэлье дээ.

Ярилцсан Р.Мөнхдаваа /Р.Гэгээ/

“Бөх” сонин. 2001 оны нэгдүгээр сар.

 

 

SHARE