ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРТЭЙ БОЛЛОО

 

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болох асуудлыг хэлэлцэн баталлаа.

Уг өдөртэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах, төрийн байгууллага болон гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан үндэсний хэмжээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа хийх, хүн амын дунд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулах, өөрийгөө хамгаалах дадлыг хэвшүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний бага хурлыг хийх, баримтат кино үзүүлэх, хүүхэд, багачууд, залуучуудад зориулан танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх зэргээр олон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ.

Дэлхий дахинд тохиолдож буй байгалийн аюулт үзэгдлээс газар хөдлөлт нь урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт богино хугацаанд тохиолдож, хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд их хэмжээний хохирол учруулж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гамшиг юм.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна.

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна.

2016 онд улсын хэмжээнд нийт 28000 /шахам газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдсэн бөгөөд Монгол-Алтайн нуруу, Чуй, Цагаан шувуут, Үүрэг нуур, Бүсийн гол, Хангайн өргөгдлийн бүс, Могодын газар хөдлөлтийн голомтын бүс, Улаанбаатар хот орчим Гүнжийн ам, Авдар уул, Эмээлт, Хустайн нуруу зэрэг газруудад газар хөдлөлтийн чичирхийлэлтийн идэвхжилт буурахгүй хэвээр байна.

Тухайлбал, 2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар хөдлөлийн чичирхийлэл бүртгэгдэж, тохиолдлын тоо эрс өссөн.

Дээрхи идэвхижилт бүхий газруудад 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд Улаанбаатар хотын барилга байгууламжийн 22-50 орчим хувьд эвдрэл гэмтэл, нуралт үүсч, 30000-аас дээш хүн нэрвэгдэж болзошгүй гэсэн тооцоо судалгаа гарсан.

Энэхүү судалгаа нь 2014 онд хэрэгжүүлсэн Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран “Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийгдсэн юм.

Эдгээр нөхцөл байдал, тооцоо судалгаа нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах тогтолцоог сайжруулах, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх шаардлага байгааг харуулж байна.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарлаж, тус өдөр газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажлыг улс даяар зохион байгуулах зорилгоор “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулав.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

SHARE