С.Амарсайханыг түгжилдсэн О.Сайнбаяр

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нар ажлаа өгөөрэй. Та бүхний ажлыг өлхөөн хийчих “эр зоригтон” гараад ирлээ.

“Зүүнбаян рейфанери” ХХК-ийн захирал О.Сайнбаяр 4 га газрын бургасыг үндсээр нь хядаж зөөгөөд хаа нэг газар суулгачихсан учраас байгаль орчинд хор хөнөөлгүй, аялагчдын хөл тасрахааргүй тасархай хаус хорооллыг Туулын хөвөөн дээр барихаар зэхтэл төрийн байгууллагын бүдүүн зүрхтнүүд ажлыг нь зогсоочихжээ.

Өнөөдрийг хүртэл бургасыг нь хядсан голын эрэг дээр аялагчдыг уядаг сайд гараагүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат та ажлаа өгнө үү. Улаанбаатарын 1.5 сая хүн амыг ундаалдаг Туул голын эрэг дээр аялал жуулчлалын зориулалтаар газар олгоод дээд зэрэглэлийн хаус хороолол барих шийдвэр гаргах сайд өнөөдрийг хүртэл байгаагүй учир Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан та албаа шилжүүлнэ үү.

Та бүхний ажил барилгын компанийн гүйцэтгэх захирлын толгойд өлхөн багтаад, бүр энэ тухайгаа Монголоор нэг зарлалаа, өнгөрсөн долоо хоногт.

“Зүүнбаян рейфанери” гэх компани одоогоос хоёр жилийн өмнө Туул голын эрэг дагуух 4 га талбайн бургасыг түмний нүдэн дээр хядаж дээд зэрэглэлийн хаус хорооллын сууриа тавьж эхлэх үед холбогдох байгууллагууд удаа дараа ажлыг нь зогсоохыг оролдож, бүр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өөрийн биеэр очиж шаардлага тавьж байсан удаатай. Төрийн байгууллагаас эхлээд төрийн түшээд очоод дийлдээгүй буцаасан бүдүүн зүрхтнүүдийн талаар сүүлд сонсох нь ээ Хотын дарга С.Амарсайханы хамаарал бүхий этгээдийн компани болж хувирсан баримт хэвлэлээр түгсэн билээ.

Гэтэл тэр даруйд Засаг дарга С.Амарсайхан компанийн үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдсэн. Харамсалтай нь маргааш нь “Зүүнбаян рейфанери” ХХК-ийн захирал О.Сайнбаяр хэвлэлийн бага хурал зарлаж өөрийгөө болон сайн ах С.Уламбаяр, бүр цаашлаад Хотын дарга С.Амарсайханыг цусгүй “алав”.

Угаас нийслэлийн 1.5 сая хүнийг ундны усаар хангадаг Туул голын бохирдол, эрэг дагуух суурьшлын бүс, карьерын эсрэг нийтээрээ дуугарч буй энэ үед 4 га газрын бургасыг нь хядчихсан О.Сайнбаярын хувьд байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг. Тиймээс жудагтай эр хүн бол Туул голоос ундаалдаг 1.5 сая хүнээс уучлал гуйгаад суух ёстой байв.

Гэвч эсрэгээр нь тайлбар хийх гэж оролдсоноор зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гээчийн үлгэр болж дууслаа.

О.Сайнбаярын ярьснаар Хотын дарга С.Амарсайханы ах С.Уламбаярт хэсэг залуус аялал жуулчлалын цогцолбор баръя гээд очиход Туул голын эрэг дээр авсан 4 га газраа бэлэглэжээ. Бэлэглэсэн газрыг нь О.Сайнбаяр “Зүүнбаян рейфанери” ХХК-даа шилжүүлж авах гэсэн боловч тусгай хамгаалалттай газар нутгаас шилжүүлэхгүй гэснээр С.Уламбаярын нэр дээр ашиглах болсон гэнэ. Үүнээс С.Уламбаяр ямар ч ашиг хараагүй, хувь эзэмшдэггүй гэв.

Бас дээр нь хамгийн ноцтой нь Туул голын эрэг дагуух 4 га газрын бургасыг сүйтгэснийгээ Нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрсөн мэтээр тайлбарласан явдал байлаа. Угтаа Нийслэлийн Байгаль орчны газар тус компанийн сүйтгэсэн бургасын экологийн хохирлыг төлүүлсэн явдал байжээ.

“Зүүнбаян рейфанери” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Сайнбаяр гэгчийн хүүхэд ч итгэхээргүй эдгээр тайлбарууд Хотын дарга С.Амарсайханыг энэ үйл явдалд хамаагүй мэтээр ойлгуулахыг оролдсон ч эсрэгээр нь түгжилдсэн явдал болж хувирав аа.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE