“Дрейкийн хараал”-д автуулахгүйн тулд “Рома”-гийнхныг түүнтэй селфи хийхийг хориглов

“Дрейкийн хараал” гэх тусдаа ойлголт маягийн зүйл сүүлийн үед хөлбөмбөгт бий болоод байна. Уэльс хагас хамгаалагч Аарон Рэмсиг гоол оруулсны маргааш алдартнуудаас нэг нь үхдэг гэх яриа газар авсан шиг.

Хэдийгээр энэ мухар сүсэг гэдэг нь маргаангүй ч гэсэн сүсэг бишрэлгүй тамирчдад хүртэл бяцхан сүжиг заавал байдаг. Тиймээс ч Дрейкийн хараалд өртөхөөс тамирчдаа хамгаалахаар Италийн “Рома”-гийн удирдлага нэгэн тушаал гаргажээ.

Тушаалд “Энэ улирлыг дуустал багийн нэг ч тоглогч рэппер Дрейктэй селфи хийлгэж болохгүй” гэжээ.

Дрейкийн хараалын сүүлийн золиос нь Францын ПСЖ-ий хамгаалагч Леван Курзава. Тэрбээр Канадын дуучинтай селфи хийлгэсний маргааш баг нь “Лилль”-д 1:5-аар бут ниргүүлсэн юм.

Үүнээс урагшлуулан өгүүлбэл, Английн “Манчестер Сити”-гийн аргентин довтлогч Серхио Агуэро Дрейктэй селфи хийснийхээ дараа Аваргуудын лигийн шөвгийн наймд “Тоттенхэм”-ийн хаалганд пенальти алдсан.

Английн залуу од Жейдон Санчогийн хувьд мөн л селфи хийсний дараагаар түүний баг “Боруссиа Дортмунд”-ынхан “Байерн Мюнхен”-д 0:5-аар бут ниргүүлсэн юм.

“Арсенал”-ын габон довтлогч Пьер-Эмерик Обамеянг хамтдаа селфи хийснийхээ дараагаар “Эвертон”-ы хаалганд гоол оруулж чадалгүй баг нь 0:1-ээр хожигджээ.

Харин Дрейкийн хараал хаанаас үйлчилж эхэлсэн тухай ярианы эхийг хөндвөл 2013 онд “Ливерпүүл”-ийн довтлогч Даниел Старриж рэп дуучинд өмсгөлөө бэлэглэсэн юм байна.

Үүний дараагаар Старрижийн баг лигтээ түрүүлэх боломж бүрэн байсан ч аваргын цомоо атгаад алдсан байдаг.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE