850 жилийн түүхтэй Парисын Дарь эхийн сүм галд автав

Парисын Дарь эхийн сүм буюу Парисын Нотр Дам сүм өчигдөр шөнө галд автлаа. 850 жилийн түүхтэй Францын болон Дэлхийн соёлын үнэт өв болсон сүмд Улаанбаатарын цагаар ойролцоогоор 23:50 цагийн үед гал гарчээ.

Тэр даруй Парисын гал сөнөөгчид болон аврах ангийнхан хүч нэмэгдүүлэн ажилласан ч түүхэн алдарт дээвэр, баруун зүүн жигүүрүүд галд автжээ. Эхлээд сүмийн дээвэр хэсгээс гал гарсан тухай мэдээлж буй ч одоогоор гал гарсан учир шалтгааныг одоогоор тогтоох боломжгүй байгааг дурьджээ.

Сүмийн төлөөлөгч Андре Финогийн өгүүлснээр бол “Сүмийн дотоод хэсэг, түүхэн үнэт эдлэлүүд галд автаагүй” гэнэ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Улаанбаатарын цагаар бол 20:00-д төв телевизээрээ улс төрийн нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл хийхээр төлөвлөсөн ч энэхүү харамсалтай үйл явдалтай холбогдуулан мэдэгдлээ цуцалсан байна.

“Парисын Дарь эхийн сүм галд автжээ. Эх орон, элэг нэгтнүүдийнхээ нэгэн адилаар би ч бас энэ галыг хараад сэтгэлдээ маш их харамсаж, харуусч байна” хэмээн Эммануэль Макрон твиттертээ жиргэжээ.

Харин Парис хотын мэр Анн Идальго “Парисын Дарь эхийн сүмд аймшигтай гал гарлаа. Галыг унтраахаар гал сөнөөгчид, аврах албаныхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Тэгвэл Францын Дотоод Хэргийн сайд Лоран Нуньес харамсаж буйгаа илэрхийлээд “Одоогор гал гарсан учир шалтгааны тогтоох тухай ярихад эрт байна” хэмээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч энэ харамсалтай мэдээтэй холбогдуулан Францын холбогдох төлөөлөгч нартай утсаар ярьснаа дурьджээ. “Би Францын талын төлөөлөгчтэй утсаар ярьсан. Дэлхийн хамгийн алдартай соёл, музей шатаж буйд туйлаас их харамсаж байна. Үнэхээр аймшигтай. Үнс болтлоо шатах бололтой. Энэ сүм бол бидний амьдралын нэг хэсэг, бидний соёлын нэг хэсэг. Үүн шиг гайхамшигтай сүм үгүй. Энэ бол дэлхийн хамгийн үнэт зүйл” хэмээн өгүүлжээ.

Парисын Дарь эхийн сүм буюу Парисын Нотр Дам сүмийг анх 1163 онд бүтээн байгуулахаар шавыг нь тавьжээ. Ингээд 182 жилийн турш хэсэгчлэн барьсаар 1345 онд бүрэн бүтээн босгосон юм. Сүмийн өндөр 35 метр, урт нь 130 метр, өргөн нь 48 метр.

Энэ алдартай сүмийг жилдээ ойролцоогоор 14 сая жуулчин үзэж сонирхдог бөгөөд алдарт зохиолч Виктор Хюго “Парисын Дарь эхийн сүм” хэмээх зохиолоо бичсэн байдаг.

news1.mn Р.Гэгээ

SHARE