Абрамович “Челси”-д шинэ эзэн хайж байна

Английн “Челси”-гийн эзэн Роман Абрамович клубээ зарахаар шийдэж, гурван ч талтай зэрэг хэлэлцээр хийж буй гэнэ. Лондоны клубээ тэрбээр 2.5 тэрбум паундаар үнэлж буй сурагтай.

Саявтархан л “Челси”-гийн ерөнхийлөгч Брюс Бак “Өө, тийм юм байхгүй. Энэ бол хэвлэлийнхний зохиол” гэж мэдэгдэж байсан ч сүүлийн нэг жилийн дүр зураг, зарим хэвлэлүүдийн эх сурвалжийн өгүүлснээр нөхцөл байдал өөр тийш хөтөлжээ.

Тухайбал, Роман Абрамович бараг бүтэн жилийн хугацаанд “Стэмфорд Бридж”-д ирээгүй. Их Британи, ОХУ-ын хоорондын асуудлаас шалтгаалан Израилийн давхар иргэншил хүртэл авсан ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Мөн “Челси” шинэ стадион барихаар газрын зөвшөөрлөө авсан ч одоо хүртэл барилгын ажлаа эхлээгүй.

Энэ зэрэг асуудлууд дээр “Челси”-г сонирхогч гурван тал нэмэгдэж буй сурагтай. АНУ болон Азийн хөрөнгө оруулагчид, мөн Их Британийн толгой баян Жим Рэтклиффийн Лондоны багийг авах гэсэн хүсэл. Ингээд Роман Абрамович эдгээр гурван талтай идэвхтэй яриа хэлэлцээр хийж, эцэстээ аль нэг талтай нь наймаа хийх шинжтэй байгаа гэнэ.

Жим Рэтклифф

Роман Абрамовичийн өмнө “Челси” 1.25 тэрбум паундын өртэй гэсэн тооцоо байдаг аж. Өөрөөр хэлбэл, “Челси”-гийн хөрөнгө оруулалтад хувиасаа гаргасан мөнгөний хэмжээ нь. Үүн дээр энэ улирлын бас хөрөнгө оруулалтад гаргасан зардлууд нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, “Челси”-гийн төлөө гаргасан бүх мөнгөө эргүүлэн олж авахын зэрэгцээ багагүй ашигтай зарчих санаатай ажиллаж буй юм байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE