Х.Батсуурь: Капитал банк бол эхлэл. Цаана нь толгой дараалан дампуурах банкууд бий

Эдийн засагч Х.Батсуурьтай Капитал банкны дампуурал, түүнийг тойрсон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төв банкнаас Капитал банкны дампуурлыг зарласантай холбогдуулан Монгол Улсын банк санхүүгийн салбарт эдийн засагч, шинжээчид шүүмжлэлтэй хандаж байна. Тэдний нэг нь та байна уу даа. Капитал банкны дампуурлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монголбанк “Капитал” банкны дампуурлыг зарлалаа. Энэ бол зүй ёсны асуудал. Болох ёстой зүйл болдгоороо болж байна. Гэхдээ энэ үйл явдал цаг хугацаа хожимдож боллоо гэж үзэж байна. Ер нь Монгол дампуурлын ирмэгт тулж 2017 онд ОУВС-аас авралын зээл аваад явж байгаа. Энэ хүрээнд ОУВС манайхыг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулахдаа тусгай болзлууд тавьсан. Болзол тавих үндэслэл нь юу байсан бэ гэхээр Монголын банк санхүү, эдийн засагт дүн шинжилгээ хийж үзээд дампууралд хүргэж байгаа хэд, хэдэн шалтгаан байна. Үүний гол шалтгаан нь банк, санхүүгийн системийн тогтолцоо нь өөрөө гажуудалтай байна гэж үзсэн. Энэ гажуудлыг засах хэрэгтэй. Ялангуяа банкууд дампуурлын ирмэг дээр байна, засах хэрэгтэй. Банкуудад 784 сая ам.долларын өөрийн хөрөнгийн зузаатгал хэрэгтэй байна гэж зөвлөсөн. Тэгээд тодорхой хугацаа өгөөд, биелүүлнэ гэж найдсаны үндсэн дээр 5 тэрбум ам.долларын зээлийн багцад хамруулсэн. Эхний 400 сая ам.доллараа өгчихсөн явж байгаа.

Түүнээс хойш 2 жил орчмын хугацаа болж байна. Банкуудынхаа асуудлыг цэгцэл гэсэн. Энэ бол нэг үгээр банкууд дампуурлын ирмэг дээр байна гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ талаар манайд хэвлэл мэдээллээр ямар ч мэдээлэл гараагүй. Би энэ мэдээллийг гадны сайт дээрээс олж харсан. Тэгээд энэ талаар ярилцлага өгсөн, нийтлэл бичсэн. Түүний дараа Монголбанкныхан мэдээлэл хийгээд “Үнэхээр тийм юм болсон. Бид засаад явж байгаа. 2018 оны сүүл гэхэд бид асуудлыг цэгцэлчихнэ. 512 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийн зузаатгал хийх шаардлагатай. 784 сая ам.долларын хэрэг байхгүй гэж ярьсан. 784 сая ам доллар бол 2.2 их наяд төгрөг. Гэтэл банкууд энэ асуудлаа цэгцэлсэн эсэх талаар ямар ч мэдээлэл ахиж гараагүй. Энэ хооронд 4 том банкных нь нэг болох Худалдаа хөгжлийн банк асар том асуудалд орооцолдсон. ОУВС-аас өөрийн хөрөнгө дутагдаж байна гэж заасан банкны нэг нь Худалдаа хөгжлийн банк. Миний тооцоолж байгаагаар Худалдаа хөгжлийн банкийг 300-400 сая ам.долларыг өөрөө олох ёстой гэж үзээд байгаа юм. Энэ бол зөвхөн таамаг тооцоолол.

ОУВС-ийн аудит хийсэн компанийн зөвлөмжөд дурдагдсанаар манайд асуудал үүснэ шүү гэж сануулсан байдаг. Гэтэл өнөөдөр яг тэр асуудал эхэлж Капитал банк дампуурлаа зарлалаа. Капитал банк зөвхөн эхлэл байж болно. Цаана нь асар их асуудал байгаа. Магадгүй бусад банк толгой дараалан дампуурах юм уу, эсвэл тодорхой хүрээнд үйл ажиллагаагаа хязгаарлах нөхцөл байдал үүсчихээд байгаа нь тодорхой болчихлоо. Нэг үгээр Капитал банк бол эхлэл, цаана нь бусад банкуудын хувьд асуудал байна гэсэн үг.

-Тэгвэл яагаад Капитал банк дампуурахад хүрэв?

-Гол асуудал юунд байна вэ гэвэл Монголбанк үүргээ биелүүлж чадахгүй, хариуцлагагүй байдал гол шалтгаан гэж хэлж болно. Жишээ нь, Капитал банкны үйл ажиллагаа банкинд тавигдсан шаардлага шалгууруудад нийцэхгүй үйл ажиллагаа явуулж байсан. Магадгүй цаад талдаа 3, наад талдаа 2 жилийн хугацаанд энэ асуудал тодорхой болж эхэлсэн. Монголбанк үүн дээр ямар ч арга хэмжээ авахгүй явуулсаар өнөөдөр дампууралд хүргэж байгаа нь хариуцлага алдсан том асуудал юм. Үүнд ямар нэгэн ашиг сонирхол байсан уу, эсвэл Монголбанк арилжааны банкуудтай хуйвалдаад байгаа юм уу. Ер нь Монголбанк хянаж байх ёстой, удирдаж байх ёстой арилжааны банкуудынхаа үгээр, хараанд яваад байна гэсэн шүүмжлэл гурван жилийн өмнөөс гарч байсан. Энэ бол бодитой шүүмжлэл. Банкны системд болж байгаа үйл явдал, нөхцлүүд, шүүмж ортой юм гэдгийг өнөөдрийн үйл явдал батлаад өгчихөж байгаа юм.

-Капитал банк банкны шаардлага шалгуурт нийцэхгүй үйл ажиллагаа явуулж байсан гэлээ. Тухайлбал?

-Одоо байгаа мэдээлэл дээр үндэслээд үзэхэд ямар ч банкин дээр жишээ нь чанаргүй зээл гэж байгаа. Өөрөөр хэлбэл төлөгдөх боломжгүй зээл. Чанаргүй зээл нийт зээлийн хэмжээнээс 5 хувиас давахад асуудал болдог. Гэтэл Капитал банкны хувьд энэ хэмжээ 80 хувьд хүрсэн байсан.

Ер нь Монголын банкуудыг аудитгүйгээр энгийн нүдээр харахад асар том асуудал байгаа. Жишээ нь, чанаргүй зээлийн хэмжээ нийт банкуудын дундаж хувь 8-9 хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд эргэлдэж байна. Дээрээс нь хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ бас 8-9 хувьтай байгаа. Нийтдээ нийт зээлийн 20 хувийг чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл эзэлж байна. Түрүүн хэлснээр чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 5 хувиас хэтрэх ёсгүй, дээшээ 10 хувь хүрвэл асуудал болно. Үүнээс харахад л банкууд асуудалтай байна гэдэг нь харагдаж байгаа юм. Хэрэв аудитаар орвол үүнээс илүү ноцтой дампуурлын, хямралын шинж тэмдгүүд байх магадлалтайг харуулж байгаа юм.

ОУВС-аас банк санхүүгийн систем дэх асуудлаа 2018 ондоо шийд, шийдэж чадахгүй бол шаардлагатай байгаа хөрөнгийг Засгийн газар нь, төв банк нь өөрөө гаргаад банкны хувийг эзэмшээд яв гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгийн зузаатгалаа хийж чадахгүй байгаа банкуудыг Засгийн газар мөнгө өгч аваад цааш яв гэж байгаа юм. Одоо болтол энэ үйл ажиллагаа хийгдэхгүй байна.

-Дампуурлаа зарласан Капитал банкинд байршиж байсан хөрөнгүүд, хадгаламжуудыг Монголбанк хариуцна, эрсдлийг даана гэсэн утга бүхий мэдээллүүд гарч эхэлсэн. Монголбанк үүнийг хариуцаж чадах уу?

-Ер нь сүүлийн 30 жилийн хугацаанд харахад олон асуудал болж байна. Үүн дунд улс орноо тонон дээрэмдэх луйврын шинжтэй зүйлүүд их болж өнгөрлөө. Ялангуяа банк санхүүгийн салбарт банк дампууруулах замаар хөрөнгө завших асуудал сүүлийн 30 жилд хамгийн сонгодог технологи болчихлоо. Хамгийн анх Сэргээн босголтын банк гэж байсан. Зүгээр ажиллаж байсан банкийг зориудаар дампууруулсан гэж эдийн засагчид үзээд байгаа. Дампууруулаад хөрөнгийг нь хуваагаад авчихсан. Зээл авсан хүмүүс нь төлөөгүй завшсан. Дараа нь Хоточ буюу хөрөнгө оруулалт технологийн банк бас дампуурсан. Араас нь Зоос, Анод банк дамдуурсан. Хадгаламж банк бас. Өнөөдөр Капитал банк дампуурлаа. Үүн дээр ямар механизм яваад байна вэ гэвэл дампууруулах зорилготой банк байлаа гэж үзье. Тэр банкны нөлөө бүхий хүмүүс, улстөрчид нь ч юм уу асар их хэмжээний зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудад, хувь хүмүүст өгчихдөг. Өгөөд буцааж төлөх чадваргүй болгодог. Тэгээд ирмэгц банкийг дампууруулдаг. Банк дампуурмагц зээл авсан корпорациуд дампуурлаа зарлана. Хадгаламж байсан бол хадгаламж нь алга болно. Хадгаламжийг бол Хадгаламж даатгалын корпораци төлнө. Дээр үед Хадгаламж даатгалын корпораци гэж байгаагүй. 2013 онд байгуулагдсан. Түүнээс өмнө төр төлдөг байсан. Өнөөдөр бол Хадгаламж даатгалын корпораци гэж өөрийн хууль дүрэмтэй байгууллага байна. Зөвхөн хувийн хадгаламжуудыг төлнө. Капитал банкин дээр бол ихэнх хадгаламж эзэмшигч нь бага хэмжээний хадгаламжтай хүмүүс байсан. 90 гаруй хувь нь 20-оос доош сая төгрөгийнх. Харин 20-оос дээш сая төгрөгийн хадгаламжтай хүмүүс цөөхөн хувийг эзэлж байгаа. Капитал банкны гол зээл гаргах эх үүсвэрийг бүрдүүлж байсан хөрөнгө нь төрийн мөнгө. 340 тэрбум төгрөг байсан гэж мэдэгдэж байна. Тэтгэвэр, нийгмийн даатгалын сан, Багшийн их сургуулийн мөнгө, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн мөнгө гэх мэт. Энэ мөнгүүд алга болсон. Бүгд зээл болоод гараад явсан. Үүнийг Даатгалын корпораци төлөхгүй. Мэдээж төрийн мөнгийг Монголбанк л төлөх шаардлагатай болно. Гэтэл эцсийн дүндээ Монголбанкны ард ард түмэн, татвар төлөгч бидний мөнгө байгаа. Ерөөсөө ийм аргаар мөнгө идэх хар технологи бий болчихлоо. Монголбанк даачих учраас үүнийг шууд дампууруулчихъя гэдэг зуршил бий болж байна.

-Капитал банк ийм эрсдэлтэй байсан уу. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Түүнийг аудит тогтооно. Ер нь мэдээж анхнаасаа тодорхой хэмжээний шалгуурыг биелүүлсэн болоод банкны үйл ажиллагаа явуулах эрх авсан байх. Гэхдээ сонирхолтой нь энэ банкинд улс төрийн эрх мэдэлтнүүдийн эрх ашиг хүчтэй үйлчилсэн харагддаг. Түрүүн хэлснээр олон нийтэд ил байгаа мэдээллээс үзэхэд 2007 оноос төрийн мөнгүүдийг байршуулж эхэлсэн. Энэ бол анхаарах асуудал. Капитал банк төрийн мэдлийн тийм их хэмжээний, ард түмний үүц болсон нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг байрлуулж байгаа нь нөлөө орсны илрэл. Магадгүй бие даасан байдлаар ажиллах чадвар бага байсан учраас түүнийг дэмжих гэж төрийн мөнгийг байрлуулаад 10 гаруй жил явсан болж таарах нь.

Сүүлийн үед тодорхой харагдаад байгаа зүйл бол төрийн мэдлийн мөнгийг төрийн мэдлийн банкинд байрлуулах нь хамгийн зөв. Тэгэхгүй бол төрийн мөнгөөр бизнес хийдэг, төрийн мөнгөөр угжуулж амьдардаг арилжааны хувийн банкууд бий болсоор байна.

-Тэгвэл одоо ОУВС-ийн манайд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт асуудал үүсэх нь ээ. Зөвлөмж өгсөөр байтал банк санхүүгийн салбар нь эхнээсээ дампуурлаа зарлаж эхэллээ?

-ОУВС өөрийнхөө тавьсан шаардлагуудыг хэрхэн биелж байгаа, ялангуяа санхүүгийн системийн шинэчлэл дээр ямар байдалтай байгааг шалгаж үзэхгүй байна, одоохондоо. Бодвол ОУВС-д өөрийн гэсэн ашиг сонирхол байгаа байлгүй.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE