Н.Өлзийжаргал: ББСБ-ын дүрмийн санг 2.5 тэрбум болгох хууль бус шийдвэрийг СЗХ-ноос гаргасан

Б.Мөнх

 

ББСБ-уудын дүрмийн санг 2.5 тэрбум болгож өсгөсөн Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны шийдвэр хууль зөрчиж батлагдсан тул хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан Өмгөөлөлийн “UZISUN Partners” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Н.Өлзийжаргалтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

– Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолуудтай холбоотойгоор таны үйлчлүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийн талаар мэдээлэл өгнө үү?

-Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 10 дугаар сард 271, 2017 оны 5 дугаар сард 27 дугаартай тогтоолуудаар Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг шинээр эрхлэн явуулахад шаардагдах болон тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан Банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн сангийн хэмжээг 800 саяас 2.5 тэрбум болгож 3 дахин нэмэгдүүлсэн байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны дээрх шийдвэр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй, хууль зөрчиж батлагдсан тул бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаж миний үйлчлүүлэгч Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсээд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Мөн дээрх хоёр тогтоолын биелэлтийг хэрэг эцэслэн хянан шийдвэрлэтэл түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаад байгаа нь энэ хууль бус шийдвэрээр дахин бизнес эрхлэгч хохирохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Энэхүү захиргааны хэрэг дээр миний бие үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангуулахаар хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

– Санхүүгийн зохицуулах хорооны дээрх тогтоолууд нь яг ямар хуулиудыг зөрчиж гаргасан гэж та үзэж байгаагаа тайлбарлахгүй юу?

-Банк бус санхүүгийн үйл ажиллагаа нь банк шиг харилцагчдаас харилцах, хадгаламж хэлбэрээр санхүүжилтийн эх үүсвэр татаж өөрийн хөрөнгөө бүрдүүлдэггүйгээрээ банкнаас ялгаатай. Хэдийгээр ББСБ-ыг хүү өндөр, мөнгө хүүлэгч нар гэх мэтээр хэлж, ярьдагч үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг, эрсдэл өндөртэй санхүүгийн бизнесийн төрөл. Энэ төрлийн бизнесийг санхүүгийн хувьд илүү хуримтлал бүхий бие даасан, өөрт байгаа мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдэлийг бусдад зээлүүлэх боломжтой түвшиний иргэд, байгууллагууд хийдэг. 2018 оны эцсийн байдлаар Монгол улсын санхүүгийн системд ойролцоогоор 1 их наяд гаран төгрөгийн хөрөнгө 530 гаруй ББСБ-аар эргэлдэж байна гэсэн статистик мэдээлэл байдаг.

ББСБ-ын дүрмийн санг нэмэгдүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны дээрх тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 59.1-д “захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасны дагуу төрийн байгууллагаас гаргасан захиргааны хэм хэмжээний акт юм. Аливаа төрийн байгууллага нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, хэвлэгдсэний дараа хуулийн хүчин төгөлдөр болдог зэрэг харилцааг зохицуулсан Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу “захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авах”, 62.2-т заасны дагуу “нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийх” хуулийн шаардлага байдаг.

Санхүүгийн зохицуулах хороо нь дээрх тогтоолуудыг батлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх шаардлагуудыг огт хангаагүй, зөрчиж баталсан ба эрх ашиг нь хөндөгдөж байгаа ББСБ-уудын дунд хэлэлцүүлэг хийх, нийтэд цахим хуудсанд 30-аас доошгүй хоног байршуулаагүй, санал авалгүйгээр гэнэт л ББСБ -ын дүрмийн сангийн хэмжээг 3 дахин огцом нэмэгдүүлсэн байдаг. Дээрх шийдвэрийг гаргахдаа Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн салбарын хүрээнд урьдчилсан хэлэлцүүлэг хийж, санал авах нь бүү хэл Хорооны гишүүддээ ч урьдчилж танилцуулалгүй хуралд шууд оруулж батлуулсан байгаа юм. Ингэж батлуулахдаа Хорооны дарга С.Даваасүрэн нь хууль зөрчсөн байж болзошгүй байгаа тул үүнийг мөн шүүх тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хороо нь хамтын удирдлага бүхий байгууллага бөгөөд аливаа шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 6.2-т заасны дагуу хамтын зарчмаар гаргадаг байгууллага. Гэтэл  дээрх ББСБ-ын дүрмийн санг нэмэгдүүлсэн шийдвэрийг гаргахдаа Хорооныхоо хурлаар шийдвэрлэсэнээс өөрөөр тогтоол нь гарсан ба тогтоол болгон гаргахдаа Хорооны дарга С.Даваасүрэн агуулга, хамрах хүрээг нь өөрчилж Хорооныхоо бүрэн эрхэд халдсан талаар Хорооны гишүүн Л.Энхтайван 2018 онд хэвлэлд өгсөн ярилцлагандаа тодорхой дурьдсан байсан. Тэрээр Хорооны хурлаар хэлэлцэж батлагдсан төслөөр бол зөвхөн Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргээс бусад дүүрэгт шинээр байгуулагдах ББСБ-ын дүрмийн санг 2,5 тэрбум төгрөг байна гэж оруулж ирсэнээр баталсныг Хорооны дарга С.Даваасүрэн тогтоол хэлбэрээр албажуулахдаа “Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргээс бусад дүүрэгт” гэснийг нь хасаад гаргачихсанаас болж нийслэлээс гадна бүх аймаг, суманд хүртэл үйлчлэх байдлаар болгоод хууль зөрчин өөрчилж зассан талаар тэрээр ярилцлагадаа дурдсан байдаг. Хэрэв энэ үнэн бол Хорооны бүрэн эрхэд халдсан, гаргасан шийдвэрийг дураар өөрчилсөн их л бүдүүлэг үйлдэл болсон байгаа юм.

Иймд миний зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны дээрх тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулий зөрчиж гарсан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Мөн дээрх шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 6.2-т заасан “хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр, эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй” гэсэн заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа тул шүүхэд хандсан болно.

– Банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг өсгөсөн энэхүү шийдвэрүүд нь ББСБ эрхлэгчид ямар сөрөг нөлөөг авчирч байна гэж та үзэж байна вэ?

-Төрийн байгууллагын зүгээс гаргасан аливаа бодлогогүй, судалгаагүй, гэнэтийн шийдвэрүүд нь салбар бүрт ажиллаж байгаа бизнес эрхлэгчдэд гэнэтийн эрсдлийг үүсгэж байна. Аливаа бизнес эрхлэгч урт хугацаанд тогтвортой ажиллах хүсэл эрмэлзлэлтэй байдаг бөгөөд гэнэтийн шийдвэр, зохицуулалт нь тэднийг маш хүнд байдалд оруулж байна. Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх тогтоол гаргасан 2016 оны 10 сард манай эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг салбарын хүмүүс бүгд мэдэж байгаа. Эдийн засаг уналттай, инфляци эрчимтэй өссөн, бодит секторын агшилт бий болсон тийм цаг үе байсан. Мөн аливаа бизнесийн байгууллага үйл ажиллагаагаа тодорхой хугацаанд төлөвлөн түүндээ тааруулан хөрөнгө оруулалт, үйл ажиллагаагаа төлөвлөөд явдаг. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нь гэнэт урьдчилан судалгаа хийлгүйгээр дүрмийн санг гурав дахин нэмэх шийдвэр гаргасан нь дийлэнх ББСБ-уудад маш хүндээр туссан. Үйл ажиллагаагаа тухайн шаардлагад нийцүүлж үргэлжилүүлэхийн тулд дараачийн 4-5 жилийн хугацаанд бизнесийн үр ашигаа зохих ёсоор хүртэж чадахгүй болох, нэмэлт санхүүжилтийн тооцоолоогүй хөрөнгө оруулалт хайх дарамттай байдалд хүргэсэн. Голдуу өөрийн эх үүсвэрээр бага үнийн дүнтэй, яаралтай зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ББСБ-уудад ийнхүү дарамт учруулж, бизнесийн хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулах, улмаар зах зээл дээрхи өрсөлдөөнийг хязгаарлах шинжтэй болсоноор зээлийн хүүг өсгөх зэрэг сөрөг үр дагаваруудыг бий болгож болзошгүй байна. Үүнээс үүдээд дийлэнх ББСБ-ийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах хуулийн дагуух эрхээ хэрэгжүүлэх боломж нь хязгаарлагдаж байна.

Үнэнийг хэлэхэд 1.5 сая хүн ам төвлөрсөн, эдийн засаг, бизнесийн идэвхтэй орчинд буюу Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулах ББСБ болон дунджаар 3000 хүн амтай, төвөөс алслагдмал сумын төвд үйл ажиллагаа явуулах  ББСБ-ийг үүсгэн байгуулахад адилхан 2.5 тэрбум төгрөгийн дүрмийн сангийн шаардага тавьсан шийдвэр гаргасныг огт ойлгохгүй байна. Шийдвэр гаргасан хүн нь ямар судалгаан дээр үндэслэж ийм шийдвэр гаргаснаа тайлбарлах биз дээ. Миний хувьд үүнийг салбарын оролцогчидтой нь санал солилцолгүйгээр, урьдчилсан судалгаа хийлгүйгээр, мэргэжлийн бус хүний гаргасан шийдвэрийн тод жишээ л гэж харж байна.

– Сүүлийн үед төрийн сангуудаас гаргасан зээлийг зориулалтын бусаар ББСБ-аар дамжуулж иргэдэд зээл олгосон байж болзошгүй гэсэн дуулиан гараад байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Төрийн зарим өндөр албан тушаалтанууд ЖДҮ-г хөгжүүлэх сангаас их хэмжээний зээлийг өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж авсан байж болзошгүй, цаашлаад зээл авсан зарим албан тушаалтанууд нь өөрсдийн хамаарал бүхий ББСБ -уудаар дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд өндөр хүүтэйгээр зээлдүүлсэн байж болзошгүй гэсэн хардлага, эргэлзээ нийгэмд үүсээд байна. Энэ асуудал нь холбогдох хууль, тогтоомжуудын шаардлагуудыг хангаад зах зээл дээр хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудын нэр хүндэд сөрөг ойлголт төрүүлэхүйц үр нөлөө үзүүлж байгаад харамсаж байна. Эрх бүхий хуулийн байгууллагууд нь энэ асуудлыг хянаж шалгаад ЖДҮ-г хөгжүүлэх сан болон бусад тусгай сангуудаас олгогддог бага хүүтэй зээлүүд төрийн албан тушаалтануудын хамаарал бүхий ББСБ -уудад орсон эсэх эргэлзээ, хардлагад тодорхой хариу өгнө гэдэгт итгээд анхааралтай ажиглаж байна.

-Таны ярианаас үзэхэд Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр нь урьдчилан санал авалгүйгээр Захиргааны ерөнхий хууль зөрчиж гарсан, мөн дарга нь Хорооныхоо баталсан тогтоолд хууль зөрчиж засвар хийсэн хоёр гол асуудал байна. Сүүлийн үед Санхүүгийн зохицуулах хороо ихээхэн хэмжээний төсвийн урамшуулал авсан гэсэн мэдээлэл нэлээн явлаа. Шилэн дансны мэдээллээс нь үзэхэд сүүлийн хоёр жилд 1.7 тэрбум орчим төгрөгийн урамшуулал авсан байна.  Төсөвт төвлөрүүлэх орлого, дүрмийн сангийн хооронд ямар нэгэн хамаарал байна уу? Ер нь ББСБ-ын дүрмийн санг нэмэх гэнэтийн шийдвэр гаргах ямар шаардлага байсан гэж та хувь хүнийхээ хувьд үзэж байна вэ?

-Мэдээж Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу шийдвэр гаргах эрх нь Санхүүгийн зохицуулах хороонд байгаа. Гэхдээ асуудлын гол нь гаргаж буй шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн, судалгаатай байх нь чухал. Миний хувьд одоогоор төрийн байгууллагын өмнөөс тийм, ийм шаардлага байсан байх гэж таамаглаад байх нь өөрөө зохисгүй. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр явж байгаа зарим мэдээллээс харахад ББСБ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх нь Санхүүгийн зохицуулах хорооны төсөвт төвлөрүүлэх орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн, улмаар төсвөөс давсан орлого гэж ихээхэн хэмжээний төсвийн урамшуулал Санхүүгийн зохицуулах хороо авсан гэсэн мэдээлэл байдаг. Ер нь бол хуулиараа аж ахуйн нэгжээс авах татвар, хураамжаа нэмэх замаар төсвийн орлогоо давуулан биелүүлж, төсвийн урамшуулал авах нь зохисгүй үйлдэл. Иргэн хүний хувьд хардах эрхийнхээ хүрээнд дээрх мэдээллийг холбогдох байгууллага нь шалгахад буруугүй байх л гэж бодож байна.

-Нийт 530 орчим ББСБ үйл ажиллагаа явуулж байна гэж та хэллээ. Тэд энэ шийдвэрт хэрхэн хандаж байгаа бол?

-Янз бүрээр л хүлээж авсан байх. Томоохон хөрөнгө, активтай ББСБ-уудын хувьд бол дэмжих байх мэдээж. ББСБ-ын зах зээл рүү орж ирж бизнес хийх боломжийг, өрсөлдөөнийг хязгаарласан шийдвэр томуудад бол таалагдах нь дамжиггүй. Харин бичил зээл, санхүүгийн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан, бизнесийн үйл ажиллагааны үр өгөөж, ногдол ашигаа авах боломжгүй болгосон шийдвэрийг одоо үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд хэлбэрийн ББСБ-ууд болон шинээр энэ төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулах гэж буй тодорхой хэмжээний хууль ёсны орлого, хуримтлал бүхий, чадавхитай хот, хөдөөгийн бизнес эрхлэгчдэд хүндхэн тусч байгаа байх. Миний гол тавьж буй асуудал бол төрийн үйл ажиллагаа, холбогдох шийдвэр хууль тогтоомжийн дагуу гарч байх ёстой гэдэг зарчим юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

SHARE