Ж.ЭРДЭНЭБАТ: МОНГОЛ ХҮҮХЭД БҮР ТА БҮХНЭЭС ҮЛГЭР АВААСАЙ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНСУ-д болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд багаараа амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Өнгөрсөн сарын 18, 19-нд болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин Б.Баасандорж, М.Уранбилэг багш дасгалжуулагчийн хамт оролцож 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл, нийт 41 медаль хүртсэн юм.

Уг тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөн оюун ухаанаа уралдуулжээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд тамирчдад хандан гаргасан амжилтаар нь монгол түмэн бахархаж буйг илэрхийлээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн, олон улсын тэмцээнд өндөр амжилттай оролцсон танай академийн тамирчдаас монгол хүхэд бүр үлгэр жишээ авч ой тогтоолтын, шатар, даамны гэх мэт оюуны болон биеийн тамир, спортын бусад төрлөөр хичээллэх нь улам бүр өргөжин тэлээсэй гэж хүсч байна гэлээ.

Монголын оюун ухааны академийн тамирчид Солонгос, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз гэх мэт олон улсын оюуны спортын 42 дахь тэмцээндээ амжилттай оролцож нийт 607 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: zasag.mn

SHARE