Хоёр жилийн хугацаанд 19 эмэгтэйтэй гэрлэж, хөрөнгө мөнгийг нь авч зугтсан эрийг баривчилжээ

БНХАУ-ын Хэнань мужийн Чэнжоу хотын цагдаа нар улс орон даяар эрэн сурвалжлагдсан нэгэн зальтай эрийг баривчилжээ. Түүний нэр дээр 17 эмэгтэй гомдол гаргаад байгаа гэнэ.

Эмэгтэйчүүдэд өөрийгөө төрийн өндөр албан тушаалтны хүү хэмээн танилцуулж, үнэтэй бэлэг сэлтээр сэтгэлийг нь татаж, гэрлээд дараа нь автомашин болон хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгө, үнэт эдлэлийг нь авч зугтдаг үндсэн аргатай залилангийн гэмт хэрэгтэн ажээ.

Нэхэмжлэл гаргасан 17 эмэгтэйгийн дөрөв нь түүнээс хүүхэд төрүүлсний зэрэгцээ хоёр нь жирэмсэн байгаа гэнэ.

Нэгэн хохирогч эмэгтэйн ярианаас үзвэл зальт этгээд өөрийгөө аспирантурт суралцдаг гэж танилцуулаад таван каратын алмазан шигтгээтэй бөгж бэлэглэж гэрлэх санал тавьсан байна. Ингээд тэд гэрлэжээ. Гэвч удалгүй 250 мянган юанийг нь аваад зугтаж одсон байна. Мөн бэлэглэсэн сүйн бөгж нь хуурамч эд байсан аж.

Цагдаа нарын одоогоор олж тогтоогоод буйгаар бол хоёр жилийн хугацаанд 19 эмэгтэйг энэ маягаар хуурчээ. Гэмт этгээд ихэвчлэн интернэтээр бүсгүйчүүдтэй танилцаж, баян айлын хүү гэж итгүүлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE