3D-г харуулахаар бүтээсэн Рубикийн шоо дэлхийд байхгүй амжилтад хүрчээ

 

Рубикийн шоог эвлүүлэх гэж оролдож үзээгүй хүн энэ дэлхийд байхгүй гэдэгтэй маргах хэрэггүй. Та ч бас хүүхэд байхдаа, магадгүй одоо ч энэ шоог хааяадаа барьж авдаг л биз дээ.

Хүн төрөлхтөнд танин мэдэхүй, оюун ухааны оньсон тоглоом болтлоо алдаршсан энэ шоог Унгарын жирийн нэг инженерийн бүтээл байсан гэдэг.

1944 онд төрсөн Рубик Эрнөө гэх жирийн нэг унгар инженер энэ тоглоомын эцэг нь юм. Рубикийн шоог 1974 онд одоогоос 45 жилийн өмнө анх зохион бүтээжээ. Рубик Ернөө энэ тоглоомыг зохиохдоо шидэт шоо гэж нэрлэсэн ба оюутнуудад 3D гэдэг ойлголтыг өгөхийн тулд гурван чиглэлээр эргүүлж болдог модель хийсэн нь энэ юм. 1980 он хүртэл зөвхөн Унгар улсад борлуулагдсан бөгөөд нийт 1 сая буюу унгарчуудын 10 хүн тутмын нэг нь энэ тоглоомыг худалдан авсан байна. 1980 оноос АНУ-д борлуулагдаж эхэлсэнээр шидэт шоо маань Рубикийн шоо нэртэй болж дэлхий даяар тархаж эхэлжээ. Тэгвэл 1980.01.10-нд Рубик Эрнөө Ideal toy компанитай өөрийн нэр ашиглах гэрээнд гарын үсэг зурж, 1 ам.долларын өртөгтэйгээр түүний нэрээр худалдаалахыг зөвшөөрчээ.

Энэ тоглоом нь хамгийн олон хувь буюу 350 сая ширхэг борлуулагдсан түүхтэй.

Рубикийн шоо нь 3 чиглэлд эргүүлэх замаар өнгөнүүдийг хамгийн багадаа 20 эргүүлэлтээр (бурханы тоо!) эвлүүлэх боломжтой, гэхдээ нийт 43 252 003 274 489 856 000 ширхэг байрлал (хэд гэж тоолохыг хэлээрэй, 4,3-ыг үржих 10-ын 19 зэрэг) үүсгэдэг гэдгийг онолын хувьд баталжээ. 3х3х3 шооны дэлхийн рекордыг 2018 онд 3,47 секундээр тогтоосон бол дундаж эвлүүлэх хугацаанй рекордыг 2017 онд 5.80 секундын дунджаар тогтоосон байна. Тэгвэл таны рекорд хэд вэ?

Рубикийн шоо өнөөдөр Унгарчуудын бахархал төдийгүй, унгар инженерүүдийн оюун ухааны бэлэг тэмдэг болсоор байгаа ажээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE