Увс аймаг “ITM-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн түнш аймгаар оролцов

“ITM-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатарт болж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд БОАЖЯ, МАЖХ, 21 аймаг, аялал жуулчлалын тур операторууд, хувийн хэвшил, зочид буудал, жуулчны бааз, агаарын тээврийн компани зэрэг 320 гаруй байгууллага, БНХАУ, Турк, Япон, БНСУ, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува улсын аялал жуулчлалын төлөөллүүд оролцож байна.

Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, бизнесийн худалдаа, танилцуулгын цогц болсон ITM түүхэн уламжлалт үзэсгэлэн арга хэмжээ 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн түнш аймгаар Увс аймаг оролцжээ.

Увс аймгаас 100 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож аймаг орон нутгаа сурталчлан ажилласан байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярьж, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах түншүүдтэй хамтарч ажиллах, Увс аймаг руу зорих аялагчдын тоог нэмэгдүүлэх, хүлээн авах тав тухтай орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE