Фишер Спасскийг хожсон шалтгааныг Зөвлөлтийн тагнуулч тайлбарлажээ

1972 онд Дэлхийн шатрын аваргын төлөө ЗХУ-ын их мастер Борис Спасскийтай АНУ-ын Роберт Фишер халз тулсан. Хүйтэн дайны үе, хоёр лагерийн PR-ийн ширүүн тэмцлийн үед ЗХУ-АНУ-ын тамирчид оюуны спортын оргилын төлөө халз үзэлцсэн нь дэлхий даяарын анхаарлыг гойд татсан байдаг.

Тухайн тоглолтод Роберт Фишер янз бүрийн жигтэй шаардлага тавьсан тухай олонтаа тэмдэглэсэн нь бий. Тэгвэл тэдгээр жигтэй шаардлагууд, цочир мэдэгдлүүд нь Борис Спасскийгийн сэтгэлзүйг тогтворгүй болж, улмаар тоглолтод нь нөлөөлсөн гэж тухайн үед Исландийн Рейкевьякт түүнтэй хамт байсан ЗХУ-ын тагнуул Георгий Санников мэдэгдсэн байна.

“Эхний өргөөс хэдэн хоногийн өмнөөс л сэтгэлзүйн дайралт эхэлсэн. Роберт Фишер дараалаад хэд хэдэн дуулиантай ярилцлага өглөө. “Би заавал хожно, эргэлзэх хэрэггүй” гэх мэт үгсээр тэр ярилцлагууд нь чимэглээстэй. Ерөнхийдөө Фишер спортын бус гэмээр үг хэллэг, үйлдлүүдийг маш их хэрэглэсэн.

Заримдаа бүр шоу үзүүлбэр шиг болгож байлаа. Ямар ч тайлбар хийлгүйгээр өргийг хойшлуулахыг шаардана. Эсвэл эхний эгнээнд суугаа үзэгчдийг өөр эгнээ рүү суулгахыг тушаана. Энэ мэтээр олон үзүүлбэр шоу хийснээр Спасскийгийн оюун санааг тогтворгүй болгож чадсан. Энэ л түүний гол нүүдэл байсан” хэмээн Санников өгүүлжээ.

Борис Спасскийгийн сэтгэлзүй тогтворгүй болсон тул Москвагаас эхнэрийг нь яаралтай дуудаж авчруулсан ч ялагчийн асуудал нэгэнт тодорхой болчихсон байсан гэнэ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE