Д.Ган-Очир: Төсвийн зарцуулалтын тэлэлт үүсвэл бодлогын хүүг өсгөх магадлалтай

 

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн талаар тодрууллаа.

 

-Монголбанк бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Мөнгөний бодлогын дунд болон урт хугацааны төлөвт ямар индексийг ашигладаг юм бол?

-Мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлдэг хоёр гол хэрэгсэл  бий. Нэг нь мөнгөний бодлогын хэрэгсэл. Нөгөө нь валютын ханш. Энэ хоёрын эдийн засагт үзүүлж буй идэвхижлийн нөлөө,  ДНБ хэрхэн нөлөөлж  байна вэ гэдгийг MCI индексээр тооцдог. Мөнгөний бодлого хатуу байвал эдийн засгийн хэт халалтаас сэргийлж инфляцийг бууруулдаг. Харин мөнгөний бодлого хэт зөөлөн бол эдийн засгаа дэмжээд инфляцийг буцааж өсгөхөд нөлөөлдөг гэсэн үг. Энэ индекс буюу загварыг макро эдийн засгийн төсөөллийг боловсруулахдаа ашигладаг. Өөрөөр хэлбэл  энэ загварт буй  нэг гол бодлогын хувьсагч нь энэ индексээр дамжиж буй. Тэгэхээр мөнгөний бодлогын хүүгээ өсгөлөө, буурууллаа гэдэг нь энэхүү индексийг өөрчлөх замаар макро эдийн засгийн бусад хувьсагчдаа нөлөөлснөөр эдийн засаг ямар болохоор байна гэдгийг тооцдог.

-Тэгвэл эдийн засаг 6.9 хувиар өсөх төсөөлөлттэй байгаа энэ үед бодлогын хүүг яагаад хэвээр үлдээв. Харин ч бууруулах байсан юм биш үү?

-Өнөөдөр эдийн засаг халахаар нөхцөл байдал үүслээ гэх шинж тэмдэг хэлээд байгаа болов ч  яг инфляци дээр ирэх дарамтууд хараахан үүсээгүй байна. Валютын ханшаа харахаар  оны эхнээс 0.5 хувийн чангаралттай байна. Ерөнхийдөө инфляци зорилтот төвшинд оныхоо эцэст гарахаар байгаа. Энэ тохиолдолд бодлогын хүүгээр хэт чангалах юм бол зээлийн хүүгээр дамжиж зээлтэй байгаа аж ахуйн нэгж, хувь хүнд эдийн засгийн эмзэг байдалд нэмэлт эрсдэл үүсэх хандлага байгаа гэж харж байна. Гэхдээ мөнгөний бодлогын мэдэгдэлд цаашид дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй. Энэ нь цаашид төсвийн тэлэлтийн зарцуулалтын үед мэдрэгдэх магадлалтай.

 

SHARE