Хакухо 42 дахь түрүүгээ хүртэж, Тэрүнофүжи-Рога нар нэмэлт барилдаан хийв /бичлэг/

Мэргэжлийн сумогийн Хару башёд 69 дэх ёкозүна Хакухо Мөнхбатын Даваажаргал түрүүлж, Японы Эзэн хааны цомыг 42 дахь удаагаа хүртлээ.

Тэрбээр Хару башёд нэг ч өрсөлдөгчдөө ялагдалгүй түрүүлснээр 15 дахиа уналгүйгээр магнайлав.

Хакухо түүхэн дээд амжилтаа ийнхүү улам ахиулж, ирээдүйд эвдэгдэхэд бүр хэцүү болгосоор байна.

Хару башёгийн сүүлчийн барилдаан. Хакухо – Какурюү


Ичиножо А.Ичинноров тэмцээний сүүлчийн өдөр хүртэл ёкозүнатай түрүүлэхийн төлөө өрсөлдөж, 14 даваа, нэг унаатайгаар тэмцээнийг дуусгалаа. Үлэмж биетэй, онцгой бяртай Архангайн Батцэнгэлийн залуу энэ башёд маш сайн барилдаж, илүү том цолын төлөө барилдах бүрэн боломжоо нотлон харуулав.

Ёкозүна Какурюү М.Ананд 10 даваа таван унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн бол өмнөх башёд түрүүлсэн Тамаваши Б.Мөнх-Оргил тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадаагүй тул сэкиваке цолоо алдлаа.

Улсын арслан Б.Ганбаатарын хүү Чиёшома Г.Мөнхсайхан 7 даваа, найман унаатайгаар тэмцээнийг дуусгаж, Жюүрёо зиндаа руу буухаар болов.

Жонидан зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Рога А.Амарсанаа нар долоон даваатайгаар шалгарч, сүүлчийн өдөр зиндааны аваргын төлөө нэмэлт барилдаан хийхээр болсон. Энэ барилдаанд А.Амарсанаа давлаа.

Жонидан зиндааны түрүүний төлөөх Тэрүнофүжи – Рога хоёрын барилдаан

Тэрүнофүжигийн хувьд хүнд гэмтлийн улмаас олон башё өнжсөний дараагаар дахин дэвжээнээ гарч, долоо даваатай тэмцээнийг дуусгаснаар зиндаа ахихаар болж байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE