Леброн Жеймс 14 жилийн дараагаар плей-оффгүй хоцорлоо

 

NBA-гийн улирлын “Брүклин”-тэй хийсэн тоглолтод “Лос-Анжелес Лейкерс” 106:111-ээр хожигдсноор плей-оффт өрсөлдөх боломжоо бүрэн алдлаа.

Леброн Жеймсийн хувьд 14 жил дараалан плей-оффт өрсөлдсний дараагаар энэ удаад плей-оффгүй үлдэж буй нь энэ юм. Харин “Лейкерс” 2013 онд плей-оффт шалгараад эхний шатандаа “Сан Антонио”-д хожигдсноос хойш плей-оффын бараа харсангүй.

“Лейкерс”-т ирэхээсээ өмнө Леброн Жеймс найман жил дараалан плей-оффт өрсөлдсөн юм. Үүнээс дөрөвт нь “Майами”-тай, мөн дөрөвт нь “Кливленд”-тэй финалд шалгарч, гуравт нь аваргаар тодорсон.

“Бидний хувьд хэцүү улирал болж байна. Бид ингэх гэж гэрээ байгуулаагүй. Улирлын туршид гэмтэл, шийтгэл гэх мэт янз бүрийн явдлууд тасарсангүй. Бид зүгээр л 48 минутын турш сайн тоглох боломжгүй байлаа. Одоо харамсаад суулгүй урагшлахаа бодох ёстой. Урагшилж сайжрах ёстой. Хэзээ ч хэнд ч плей-оффт гарна гэсэн бүрэн баталгаа өгдөггүй. Талбайд гарч, хөдөлмөрлөх л хэрэгтэй” гэж Леброн Жеймс өгүүлсэн байна.

“Лос Анжелес Лейкерс” энэ NBA-гийн энэ улиралд 31 хожиж, 41 хожигдсон дүнтэйгээр бүсийнхээ 11 дүгээр байрт бичигдэж байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE