Москвагийн Мисс-ийн титмийг хураажээ

ОХУ-ын нийслэл Москвагийн Мисс-ээр 2018 оны арванхоёрдугаар сард тодорсон Алеся Семеренкогийн титмийг хураасан тухайгаа тус уралдааныг зохион явуулсан байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн байна.

“Москвагийн Мисс-2018 уралдаанд түрүүлсэн Алеся Семеренко гэрээний нөхцөлөө биелүүлээгүй тул титэм болон шагналыг хурааж байна. Тус уралдааны 23 жилийн түүхэнд анх удаагаа ийм явдал тохиолдлоо. Уралдааны журмын дагуу Москвагийн Мисс-ийн титэм, шагналыг тус уралдааны дэд-миссээр тодорсон Ксения Паленовад шилжүүлэх болно” хэмээн Москвагийн Мисс тодруулдаг байгууллагын албан ёсны цахим хуудаст тэмдэглэсэн байна.

Одоогоор гэрээний яг ямар нөхцөлийг хэрхэн зөрчсөн талаар тодорхой зарласангүй. Алеся Семеренко ч энэ талаар 250 мянган дагагчтай олон нийтийн сүлжээндээ тайлбар хараахан хийгээгүй байна.

Алеся Семеренко нь уралдааны үеэр “Биднийг хүмүүс хоосон толгойтой хүүхэлдэйнүүд гэж боддог шиг билээ. Гэвч би энэ бодлыг өөрчлөхийг зорино. Өөрийнхөө төлөө санаа зовох юм алга. Харин эмэгтэйчүүдийн төлөө бол тэмцэх болно” гэж мэдэгдэж байсан юм.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE