Адам Жонсон суллагдсан ч охинтойгоо ганцаараа уулзахыг нь хоригложээ

Английн шигшээ багт тоглож явсан 31 настай хөлбөмбөгч Адам Жонсон өчигдөр шөнө шоронгоос суллагджээ. Тэрбээр 15 настай охиныг садар самуунд уруу татсныхаа төлөө 2016 оны хавар зургаан жилийн ял сонссон юм. Гэвч ялын хугацааны тэн хагасыг биеэр эдэлснийхээ дараагаар буюу гурван жилийн дараагаар суллагдлаа. Түүнийг аав Дэйв Жонсон нь “Мерседес” маркийн автомашинаар тосч авахаар ирсний зэрэгцээ хөлбөмбөгчийг цагдаагийнхан гэрт нь хүргэж өгсөн байна. Энэ нь гэртээ хүрэх замдаа халдлагад өртөж магадгүй гэж болгоомжилсны үүднээс хийсэн хамгаалалт гэнэ.

Адам Жонсон ийнхүү хугацаанаасаа хавьгүй өмнө суллагдсан ч дөрвөн настай охинтойгоо уулзахдаа дэргэдээ заавал том хүн байлгуулах шүүхийн шийдвэртэй юм байна. Мөн банкны дансаа цагдаад шаардсан тохиолдолд нь цааргалалгүй шалгуулах үүрэгтэй ажээ. Энэ нь түүнийг садар самуун сайтуудад мөнгөө зарцуулж буй эсэхийг хянаж буй явдал юм байна.

Английн хөлбөмбөгийн дээд дөрвөн дивизионд түүнийг багтаа тоглуулах клуб олдохгүй гэж хэвлэлүүд дүгнэж байна. Их Британийн ард иргэд түүнийг харьцангуй эрт сулласан явдалд эгдүүцэж буй ажээ. Үүнээс гадна хөлбөмбөгчийг Хятадын аль нэг багт тоглож магадгүй гэх цуу яриа тарсан ч өмнөд хөршийн хуулийн дагуу ийм хэрэг үйлдсэн этгээд гэрээ байгуулж ажиллах боломжгүй юм байна.

Мөн Адам Жонсон тухайн үед 15 настай байсан хохирогчтой одоо огт харилцаж болохгүй гэсэн сануулгыг авчээ. Тухайн охинтой олон нийтийн сүлжээгээр 800 гаруй зурвас бичилцснийг Цагдаагийн газраас тогтоон, хэргийн гол баримт болгосон гэдэг.

Адам Жонсоны охиныг төрүүлсэн Стэйси Флаундерс хэргийн тухай дуулиан шуугиан дэгдэх үед хөл хүнд байсан бөгөөд дараа нь аборт хийлгэсэн тухай хэвлэлээр зарласан. “Тэр бол бэлгийн гаж донтон” хэмээн Стэйси Флаундерс мэдэгдэж, цаашид хамтдаа амьдрах боломжгүй гэдгээ хэлсэн юм.

news1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE