Капитал банкинд алдсан 7 тэрбумаас 2389 хүнийг ажилтай, 954 өрхийг малжуулах боломжтой байжээ

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн Капитал банк хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор иргэдэд зээл хэлбэрээр олгохоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7 тэрбум төгрөг хуваарилуулж авсан ч улсын төсөвт товлосон хугацаандаа буцааж төвлөрүүлээгүйгээс болж хаалгаа барихад хүрээд буй.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан улс төрчдийн асуудал дэгдэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн мэдлийн Капитал банкны зээлийн асуудал сөхөгдөж эдүгээ тус банк бүх үйлчилгээгээ бусад банк руу шилжүүлээд байгаа юм. Тухайлбал, цалинтай ээж, хүүхдийн 20 000 гэх мэтээр энэ банкнаас авдаг байсан иргэд 2019 оноос эхлэн Төрийн банкнаас халамжаа авдаг болсоор удав.

Цаашид тус банкны хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байна. Зарим хэвлэлээр Капитал банкийг Төрийн банктай нэгтгэж магадгүй гэсэн мэдээлэл гарч буй.

Түр хугацаанд үүдээ бариад зогсохгүй, бүр өөр банкинд нэгтгэхэд хүргэсэн 7 тэрбумын асуудал ийм учиртай.

Хөдөлмөрийн сайд болон Капитал банк хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2015/65 5/342 дугаартай гэрээг байгуулж, жижиг зээл олгоход зориулж 7 тэрбум төгрөгийн эх үүсвэр банкинд байршуулсан ажээ. Гэрээний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 23-нд дуусч, эх үүсвэрийг буцаан төвлөрүүлэх ёстой байсан хэдий ч одоог хүртэл төвлөрүүлээгүй байгааг Сангийн яамнаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хийсэн шалгалтаар илрүүлсэн юм.

Капитал банк нь дээрх эх үүсвэрийн ашиглалт хангалтгүй, зээлд ашигласан дүн нь 3.58 тэрбум төгрөг буюу 51.1 хувь байгаа нь үлдэх эх үүсвэрийг банк зориулалт бусаар ашигласан гэж үзэх үндэслэлтэй гэж шалгалтын багийнхан үзжээ. Энэ бол маш ноцтой дүгнэлт юм.

Банкны салбар үйлчлүүлэгчдийн сэтгэлзүй дээр тогтдог эмзэг салбар. Банкны нэг ажилтан үйлчлүүлэгтэй эвгүй харьцахад л тэр банк нэг харилцагчаа алдахад хүрдэг. Гэтэл улсаас мөнгө авч иргэдэд хүүтэй зээл олгож ашиг хүртэхээр гэрээ хийчихээд зорилтот бүлэгт нь өгөхгүй өөр зориулалтаар зарцуулна гэдэг асар том толгой гаргасан хэрэг.

Сангийн яамны шалгалтаар 7 тэрбумтай холбоотой маш ноцтой зөрчлүүд илэрсэн байгаа юм. Тухайлбал, зээлийн эх үүсвэрийг гэрээний дагуу 6 сарын дотор бүрэн зээлд гаргаж дуусгах, үүнээс хойш ашиглаагүй эх үүсвэрт сарын 0.3 хувийн алданги тооцохоор заасан боловч ХЭДС-нд төлөх ёстой алдангийг тооцоож төлүүлээгүй, гэрээ дүгнэсэн акт үйлдэж тооцоо хийж баталгаажуулаагүй. ХЭДС-гийн ажилтнууд эх үүсвэрийг буцаан татах талаар удаа дараа банкны удирдлагуудад мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн боловч банкны зүгээс гэрээний үүргээ зөрчиж гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцох ёстой бөгөөд уг төлбөрийг төлүүлээгүй. Тооцоогоор эх үүсвэр зээлд гараагүй алданги, хугацаа хоцроосон алданги нийт 1.7 тэрбум төгрөг төлүүлэх шаардлагатай гэсэн байна.

Капитал банкинд шилжүүлсэн 7 тэрбум төгрөгөөс уг гэрээний 3.15-д  заасны дагуу 6 сарын дотор эх үүсвэрийг бүрэн зээл хэлбэрээр олгохыг заасан байтал  гэрээний заасан хугацаанд 4.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй буюу зээлийн эх үүсвэрээс 31.8 хувь нь олгогдсон байна. Зээл хэлбэрээр олгогдоогүй хөрөнгийн эх үүсвэр нь 2,389 хүнийг ажлын тоног төхөөрөмж, хэрэгсэлтэй болгох, 954 өрхийг малжуулах боломж байсныг алдсан байна гэсэн нь бүр илүү анхаарал татна. Нэг үгээр ийм их боломжийг алдаж, төр засагт төдийгүй иргэдэд хохирол учруулжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE