Сурагчийн дүрэмт хувцсаар бизнес хийдэг оёдолчид 17 тэрбумын зээлээ улсад хэзээ төлөх вэ?

Оёдлын салбар гэдэг өнөөгийн хөдөө аж ахуй, уул уурхай, барилга шиг “талх” мэт хэрэглээтэй салбар биш. Уг нь социализмын үед жинхэнэ мандаж явсан салбар болохыг бид хуучны кино, архиваас л хардаг. Жинхэнэ ажилчин анги бэлтгэж байсан “амттай” салбар байв. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос энэ салбар уруудаж, сураг тасарсан ч гэж хэлж болно.

2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын 250 дугаар тогтоол гарч, тус тогтоолд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр тогтоосугай…” гэснээр энэ салбарынхан албан ёсны ажилтай болсон түүхтэй. Засгийн газар тэр даруй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршиж байгаа ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлтэй зээлээр олгохыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт зөвшөөрч байв.

Засгийн газрын эл тогтоол гарснаас хойшхи жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх болоход айл бүрт том дарамт болдог зүйл нь сурагчийн дүрэмт хувцас болжээ. Бага ангийн хүүхэдтэй айл хамгийн багадаа 60-70 мянга, ахлах анги бол шууд л 100 мянга давсан мөнгөөр нэг хүүхдээ сургуульд сургах эрх худалдаж авна. Өөрөөр хэлбэл, дүрэмт хувцасгүй бол хичээлд оруулахгүй журамтай. За тэгээд сургуулийн насны хоёр, гурав, дөрвөн хүүхэдтэй бол тэр айл дууслаа л гэсэн үг.

Гэхдээ намар бүр дүрэмт хувцасны үнэ төлбөрийн ачааллаас эхлээд чанарын асуудал давхар хөндөгддөг. Яах ч аргагүй хэд өмсөөд л бөөстөж бөөгнөрөөд, өнгө алддаг худлаа биш. Уг нь дотооддоо үйлдвэрлэдэг гэдэг боловч урд хөршөөс бөөнөөр нь оруулж ирдэг гэсэн яриа олны дунд байж л байдаг. Олны үг ортой л гэдэг.

Монгол Улс ерөнхий боловсролын хагас сая гаруй сурагчтай. Ямартаа ч чанартай бай чанаргүй ч бай орон даяар бүх сургуулийн сурагчид нэгдсэн дүрэмт хувцастай болоод жигдэрчихсэн.

Ингэж хэлэхийн учир нь нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн оёдлын салбар энэ хэрээр тогтмол орлоготой болсныг дахин давтъя.

Гэтэл жил бүр хагас сая биш юм аа гэхэд 300 000 сурагчийн дүрэмт хувцас оёх нормтой, тогтмол орлоготой оёдлын салбарынхан улсад 17 тэрбум төгрөгийн өртэй ажээ.

2013 онд Засгийн газраас дэмжиж тогтоол батлан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нэгтгэн 23 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлж үйл ажиллагааг нь дэмжсэн ч өнөөг хүртэл эргэж төлөөгүй гэдгийг Сангийн яамнаас Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалтгалтаар илэрчээ.

Тус шалгалтаар “Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын дагуу ХЭДС-гаас олгосон 17.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн эргэн төлөлт хангалтгүй, хуульд заасан зардлын ангилалаас гаргаагүй, Сангийн яамны 2017 оны шалгалтын ажлын хэсгээс гаргасан албан шаардлагыг хэрэгжүүлээгүй байна. Уг тогтоолын дагуу ерөнхий боловсролын сургуулийн дүрэмт хувцыг үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэх зорилгоор Хөдөлмөрийн яам болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/-ны хооронд “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулж, “Оёдлын нэгдсэн холбоо” ТББ-д ХЭДС-гаас 17.0 тэрбум төгрөг олгосон нь Засгийн газрын 2011 оны 375 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг зээлийг зөвхөн банкаар дамжуулан олгох” -оор заасан журмыг зөрчсөн байна” гэжээ. Мөн “Уг эх үүсвэрийг гаргахдаа хуульд заасан зардлын төрлөөр бус тухайн оны жижиг зээлд батлагдсан төсвөөс зарцуулсан байна. “Оёдлын нэгдсэн холбоо” ТББ-д олгосон зээлээс 1,180.1 сая төгрөг төлж, 15,819.9 сая төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байна. Сангийн яамны СХЭУГ-аас 2017 онд ХЭДС-гийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын дүгнэлтээр уг зээлтэй холбоотой үндсэн зээлийн үлдэгдэл, хүү болон алдангийн төлбөр болох нийт 18.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулж зээлийг барагдуулах албан шаардлага хүргүүлсэн боловч биелэлт үр дүн хангалтгүй байна” гэж цохон тэмдэглэсэн байна.

Уг нь төр засаг ард түмнээ шулан байж сурагч бүр дүрэмт хувцас өмсөхөөр болгож оёдолчдод ажлын байрыг нь гаргаад, дээрээс нь нэмж ажлаа эхлүүлчихээд эргэж төлөөрэй гээд татвар төлөгчдийн мөнгөнөөс 17 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлж байхад Оёдлын нэгдсэн холбоо хэмээх ТББ  7 жилийн хугацаанд нэг тэрбум гаруйхан төгрөгийг л төлсөн байдаг аж. Хүүтэйгээ нийлээд одоо 17 тэрбум гаруй төгрөгийг хэзээ төлөх нь тодорхойгүй, яам тамгын газрын албан шаардлагыг үл ойшоосоор байгаа ажээ.

Уг нь тэд жил бүр үүнээс хэд дахин давсан орлогыг сурагчийн дүрэмт хувцас нийлүүлээд олж байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE