Шүүхийнхэн “шүүс”-ээ шахуулж эхэллээ

 

Б.ДАМДИН-ОЧИР

Шүүхийн түүхийг “…1206 оны Улаан барс жил Их эзэн Чингис хаан Их засаг хуулийг мутарлан улмаар бичгийн их хүн Шихихутагт Улсын их заргач цол хэргэм хүртээн, шүүх цаазны хэргийг эрхлүүлсэн”-ээр эхэлсэн гэж үздэг юм байна. Түүнээс хойш Их засаг, Халх журам хуулиуд үйлчилж явсаар 1911 оноос Богд хаант Монгол Улсад хууль цаазны 63 бичиг баримт батлагдаж, бие даасан Ариусган шүүн гэсгээх газар байгууллагджээ.

Улмаар 1921 оноос БНМАУ-ын Ардын шүүхийн эх суурийг тавьж байжээ.

Харин 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, энэ хуульд нийцүүлэн шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг тунхагласан шүүх байгууллага ажиллаж эхэлсэн байна.

Тиймээс “…Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэсэн тангаргийг өргөж, дээрээ хөх тэнгэрээс өөр “эзэн”-гүйгээр албаа гүйцэтгэх үүргийг хүлээдэг байгаа юм.

Гэвч бараг 30-аад жил “хараат бус”-аар ажиллаж ирсэн шүүгчдийн талаарх идээ бээр шиг бохир мэдээлэл сүүлийн үед албан тушаалтнууд амнаас гарч, хэвлэлийн хуудаснаас салахаа болив.

Авлигын эсрэг хуульд заасны дагуу АТГ-аас явуулсан 2018 оны Шударга байдлын үнэлгээгээр шүүхийн байгууллага  62 байгууллагаас Нэгдүгээрт орсон байгаа юм. Тодруулбал, Монгол Улсад авлига их тархсан институцээр 2016 онд Шүүхийн байгууллага Гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд ийн Тэргүүн байрт орж “…Авлига их тархсан институци” гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн байна.

Энэ судалгаа, үнэлгээг батлах мэдээллүүд ч ар араасаа цуварч байна.

АТГ-аас өнгөрсөн сарны 13-нд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, гэр бүлийнхнийхээ орлогыг тайлбарлаж чадаагүй Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Ч.Хосбаяр, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Ингээд тэднийг хэрэгт татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг ШЕЗ-д гаргуулах хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт илгээсэн. Харин Нийслэлийн прокурор эдгээрээс татгалзсан байдаг юм.

Одоо дахиад дөрвөн шүүгчийн нэр ус тодорч, яг ийм зүйл заалттайгаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээс аргагүйд хүрч байгаа мэдээлэл байгаа.

Ингэж тангаргаасаа няцсан байж болзошгүй шүүгчид энэ тухай ярьсан хэлсэн албан тушаалтан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг буруутгасаар байгаа юм.

Монголын Шүүгчдийн холбоо гэх ТББ-аас 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Шаардлага гаргаж цахим сүлжээгээр цацжээ.

Тэнд “…Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан үндсэн үүргээ зохих ёсоор ягштал биелүүлж, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг сахин хангуулж, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах бодитой, тодорхой арга хэмжээ авахыг ШЕЗ-өөс, шүхэд хянагдаж байгаа, шүүх эцэслэн шийдвэрлэсэн хэргийн шийдвэр, түүнийг шийдсэн шүүгчдийг Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг үл тоомсорлон хувийн болон улс төрийн, бусад сонирхлын улмаас гүтгэн доромжилж буй этгээдүүдээс энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна” гэжээ.

“…Хуц” гээд хариу өгчихмөөр шаардлага ажээ.

Гэхдээ шүүгч нарын цалинг нэмүүлэх гэж тэднийгээ “баастай бурхан” гэх нь холгүй тахин шүтэж хамгаалдаг байсан ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж харин саяхан нэгэн хэвлэлд овоо “ард түмэнлэг” байр суурь илэрхийлсэн байна билээ. Тэрээр “…Шүүгчийн хариуцлага сул байгаа талаар олон хүн ярих болсон нь үнэн. Ялангуяа шүүхийн процесст оролцдог хуульчид их ярьдаг. Шүүхийн ёс зүйн хороонд иргэдээс жилд 300 орчим өргөдөл, гомдол ирдэг юм. Түүний агуулгыг судалж үзэхэд хуулийг илэрхий буруу хэрэглэж, бусдад давуу байдал бий болгодог, бусдын нөлөөнд ордог, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг, жирийн иргэнд хатуурхдаг, ажилдаа хайнга, хариуцлагагүй ханддаг, ааш зан муу гэх гомдол давамгайлдаг. Олны үг ортой гэдэг дээ. Ортой нь ч байдаг. Уулын мод урттай, богинотой шиг шүүхийг муухай харагдуулдаг цөөн хүн байхыг үгүйсгэхгүй. Түүнийг хараат бус байдал гэдгээр хаацайлан хамгаалах бус, ёс журмын дагуу хариуцлага тооцох ёстой. Хэдхэн хоногийн өмнө хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ. Бидэнд бас асуудал байна. Дахиад ч шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирэх төлөвтэй. Шүүгчийн хараат бус байдал бол хариуцлагагүй хандлага, хууль бус зүйлээс нуугдах халхавч, хана хэрэм байх ёсгүй” гэжээ. Үнэнтэй ойр л үг хэлсэн байна.

Бодит байдал дээр шүүхийн байгууллага, шүүгч нарт асуудал байна уу гэвэл байгаа. Энэ маш тодорхой юм.

Тиймээс шүүгчдийг ч гэсэн хууль л дуудсан бол Ерөнхийлөгчийн асан Ц.Элбэгдоржийн хэлдгээр “…Зүгээр л зангиагаа зүүгээд, гутлаа тослоод” очих ёстой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны гуравдугаар сарын 14-ний  44 дугаартай зарлигаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч П.Долгормаа, 15-ны өдрийн 45 дугаартай зарлигаар эрүүгийн хэрэгт шалгагдаж буй Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна.

НПГ-ын ерөнхий прокурор Д.Баярмагнайгаас ирүүлсэн нэр бүхий гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ШЕЗ хэлэлцээд дээрх хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь энэ гэж байгаа.Гэхдээ дээрх хоёр шүүгчтэй хамт өргөн мэдүүлсэн Баганхангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандоржийн бүрэн эрхийг ШЕЗ нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж шийдсэн байна.

Мөн яг өнөөдрийн байдлаар “…Тусгай  субъектийн үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд 25 шүүгч хэрэгт холбогдон шалгагдсан. Эдгээр албан тушаалтнуудыг эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, эрхэлж буй албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байна” гэж ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал энэ сарын 15-ны өдөр мэдэгдлээ.

Яг үнэндээ ингэж шалгуулаад, бүрэн эрх нь түдгэлзээд явж байгаа шүүгч нар бол авлигын хэргийн албан бус хэллэгээр “тул биш зүгээр л жараахайнууд” юм.

Харин “тул”-нууд нь том том юм яриад суучихна. Эрх хохирлоо, гүтгүүллээ гээд л…

Сонгодог жишээ нь Дээд шүүхийн Захиргааны хэргийн тэргүүн болоод удаж байгаа М.Батсуурь гэдэг шүүгч байна. Өөрөө АТГ-т хандаад байгаа л даа. Гэхдээ ингэж хандахдаа зөвхөн аавыг нь гүтгэлээ гэж бичсэн байгаа юм. Харин АТГ-ынхан энэ “тул”-ыг дэгээнд ороод ирсэн дээр нь маш сайн шалгаад авах хэрэгтэй. Тэгээд гэмтэй гэмгүйг нь ялгаж салгаад явуулах ёстой юм.

Энэ нөхөр ингэж АТГ-т хандахынхаа өмнө Дээд шүүхийн цахим сайтад их том ярилцлага өгсөн байдаг.

Түүндээ “…Шүүхийн мерит зарчмын дагуу би энд ирсэн” гэж ярьсан. Монголд 500 гаруй шүүгч бий. Бүгдээс нь биш ч нэлээдээс нь шүүхийн мерит зарчмын тухай асуулаа. Мишигийн Батсуурь шиг мерит бус зарчмаар наймхан жилийн дотор Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн хүртэл явсан шүүгч бараг л байхгүй юм байна лээ шүү. Энэ хүн Худалдаа хөгжлийн банкинд хуульчаар ажиллаж байгаад 2011 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон. Улмаар хоёр жилийн дараа 2013 оны дөрөвдүгээр сарын 13-нд Улсын Дээд шүүхийн шүүгч болсон. Үүнээс ганцхан жилийн дараа буюу 2014 оны гуравдугаар сарын 21-нээс Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүнээр ажиллаж эхэлсэн байна.  М.Батсуурийн дэвшсэн мерит зарчим энэ. Үүний ард юу нуугдаж байна, хэн яагаад М.Батсуурийг “крандчихав” гэдгийг шалгаж тогтоох л ёстой. Бас яагаад энэ хүний гараар орсон уул уурхайн олон “давхцал” бүхий асуудал улсын эрх ашгаас ангид гардаг вэ гэдгийг тодруулах учиртай. Хамгийн сүүлд “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд байх Багануурын орд газрын маргааныг шийдэх хурлыг Дээд шүүх дээр гурван удаа хойшлуулж, дөрөв дэх дээрээ буцсан бэ гэхчлэн анхаарал татаж байгаа олон зүйл бий.

Ер нь шүүхийн байгууллагын тухай, зарим шүүгчдийн тухай “…Арай ч дээ” гэмээр мэдээ, болсон явдал арай л хэтэрсэн.

Жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “…Монголын шүүх байгууллага бүхэлдээ авлигад идэгдсэн. Шүүгчид хэмжээлшгүй хөрөнгөтэй, эрх дархтай хүмүүс болсон. Тэр ч бүү хэл дансандаа сая ам.долларын хадгаламжтай шүүгч Монголд байна” хэмээн мэдэгдсэн нь тэр үедээ жаахан шуугиулаад л намжсан.

Сүүлийн үед шүүхийн булхайг илчилж байгаа хүмүүс ч олон болж байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр телевизээр ярихдаа “…Намайг шийтгэж, ял өгөхөд оролцсон  бүх хууль шүүхийн байгууллагынхан гавьяа шагнал хүртсэн байна. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн хуралдааныг даргалж надад ял өгсөн С.Соёмбо-Эрдэнэ гэдэг шүүгч одоо дэвшээд явж байна.

…. Түүний дараа давж заалдсан.  Нийслэлийн шүүхийн даргаар ажиллаж байсан  Б.Сарантуяа гэдэг шүүгч шүүх хурлыг даргалсан.  Шүүгч Х.Эрдэнэсувд, Т.Алтанчимэг нар оролцож,  шийдвэрийг хэвээр үлдээлээ.  Үүний дараахан  нь тэр Б.Сарантуяа шүүгчийн нөхөрт нь Ц.Элбэгдорж гавьяат цол өгчихсөн байдаг.

Дээд шүүх дээр очсон. Тэнд С.Нямжав гэж шүүгч даргалсан. С.Нямжав нь сайд асан У.Барсболд гэдэг залуугийн ээжийнх нь дүү.  У.Барсболд Хөшөөтийн уурхайг хууль бусаар авсан хэрэгтэй, тухайн үед асуудал нь хүнд байсан.  Тэгээд Ц.Элбэгдорж дээр …“Ах аа намайг авраач ээ” гээд орсон юм билээ.  Түүний хариуд тэгвэл чи “…Ахаараа Н.Энхбаярын асуудлыг зохицуул” гэсэн юм билээ.

2017 оны сонгуульд намайг хүмүүжилгүй гээд оруулаагүй.   Тэр үед Сүхбаатар дүүргийн шүүхийн дарга М.Алдар байсан” гэсэн.

Бас С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “…Эхнээсээ ганц Ц.Амгаланбаатар гэгчийн ам яриагаар  шүүх  хурлыг  хийлгэсэн. Гэрчийн мэдүүлгүүд ч бүгд худал. Гэрч гэх хүмүүсийг хаанаас ч юм бэ олж ирээд мэдүүлэг гэж материал цуглуулсан. Тэгээд “…Айсан хүн адуу үргээнэ”  гэгчээр  байцаасан, шалгасан хүмүүсээ хэвлэлд ам нээж болохгүй гэж гарын үсэг зуруулсан. Манай Эрдэнэт ч ийм байдал гарч хүмүүсээр гарын үсэг зуруулж дарамталсан. Би эрх баригчдад захидал явуулахдаа энэ бүхнийг бичсэн. Ерөнхийлөгчийг Эрдэнэтэд очиход ч иргэдийн уулзалт дээр хэлж байсан” гэж ярьжээ.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх байсан Л.Гансүх хэд хоногийн өмнө телевизээр бас л ямар замаар ял авснаа яриад зарим шүүгчдийг нэр цохон ярьж байсан.

Үүнээс гадна ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барсан шүүгч байсан эмэгтэйн асуудал ч Монголын шүүхийн байгууллага, зарим нэр бүхий шүүгчидтэй холбоотой байсныг эх сурвалжууд удахгүй ил болгож таарна.

Энэ мэтчилэн шүүхийн байгууллагыг зарим шүүгчдийн үйлдэл “хазайлгаад” уджээ. Энэ байдлаараа үргэлжилбэл Монголын шүүх нуран унана.

Энэ үгийг яах гэж хэлсэн бэ гэхээр Монголын хамгийн том шүүгч хүртэл Монголын нэртэй хуульчаас хөрөнгөтэй холбоотой шүүмжлэл сонсоод байгаа юм.

Заавал АТГ, цагдаад шалгуулж байгаа нь алдаа завхрал гэж бус энэ шүүмжлэл ч бас ноцтойг энд сануулъя.

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан, Академич, Гавьяат хуульч Ж.Амарсанаа бол хуульчид дундаа “ланжгар”-уудын нэг. Тэр дэмий нэг үг хэлэхгүй, унагахгүй.

Тэгвэл академич Ж.Амарсанаагийн бичсэн нэгэн судалгааны өгүүлэлд “…Өдрийн сонинд /2018.3.16. №56/ мэдээлснээр Дээд шүүхийн ерөнхий шүүгч гэхэд л 182 хонь, 64 адуу, 36 үхэртэй байна. Хан-Уул дүүргийн нэгэн шүүгч бүр таван хошуу малтай, үүнээс 110 адуутай, үүний 10 нь хурдан удмын, 150 бог малтай, 500 үхэртэй байна. Уг сонинд бичсэнээр ихэнх шүүгч малтай байх бөгөөд хэн нэгнээс бэлгэнд авсан, бүр цаашилбал авлига авсан байж ч магадгүй гэх хардлага төрөхөөр байна” гэжээ.

Гавьяат хуульчийн хардлага бодит байдлаас хол зөрөөгүй ч байж мэднэ.

Энэ мэтчилэнгээр шүүхийн байгууллага, шүүгчдийн үйлдэл, нэр хүндтэй холбоотой таагүй явдал гаарч, өнөөдөр дэлбэ үсэрч эхэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, шүүхийнхэн “шүүс”-ээ шахуулж эхэллээ.

Үүргийнхээ дагуу хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид бид ч шүүхийнхний “шүүс”-ийг шахалцаж өгөх учиртай юм.

Эх сурвалж: polit.mn

 

SHARE