Д.Сумъяабазар сайдын “сумласан буу”

Бөхчүүдийг “бүдүүн” хүмүүс гэдэг. Гэхдээ төрд зүтгэж яваа бөхчүүд ажил үйлс, амжилтаараа үүнийг эрс үгүйсгэж буй.

Ялангуяа Монгол Улсын аварга Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд хүртэл дэвшиж, сайдын ажлыг ч чамгүй сайн явуулаад байх шиг байгаа юм.

Тэрээр сардаа нэг удаа сэтгүүлчдийг цуглуулаад яамныхаа үйл ажиллагааг, өөрийнхтэйгээ тайлагначихна. Бусад сайдаасаа ялгарч байгаа бас л нэг ухаан.

Дээрээс нь улс төрийн албан тушаалаа ч хаяхгүй. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга байлаа. Харин гишүүн болсноосоо хойш сонгогдсон дүүрэг Сонгинохайрханаа гартаа оруулж аваад, лавшруулсаар Нийслэлийн МАН-ын дарга болж чадсан.

Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын дарга болсноос хойш нийслэлийн удирдлага ч “60 тэрбумынхан” гэдэг фракцаас салж, МАН-ын одоогийн удирдагад хүрч ирсэн байдаг.

Ийм маягаар Д.Сумъяабазар ирэх 2020 оны сонгуулийг угтаж байна. Сонгууль хүртэл юу байхав. Ганцхан жил үлдсэн.

Ерөнхийдөө Д.Сумъяабазарын энэ бүхний хажуугаар босгоод ирсэн ажил бол тэр маш сайн хэвлэлийн багтай болсон байна.

Өмнө нь “ТВ5”телевизэд ажиллаж, тэр телевизээр овоглодог сэтгүүлч С.Насанжаргалын захирлаар нь ажилладаг “ТВ6”телевиз, тус телевизийн  “Улаан бал” нэвтрүүлгийг хүмүүс хэдийнэ мэддэг болсон. Тус телевизийг Д.Сумъяабазар сайд спонсорлодог гээд “Улаан бал” нэвтүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу бараг хэлжээ. Ч.Лодойсамбуу medee.mn  сайтад өгсөн ярилцлагадаа “Уул уурхайн яамтай хамтардаг” гэсэн байгаа юм.

Зочноо баахан баалдаг, хөндүүр асуултаар булдаг “Улаан бал” нэвтрүүлгийн анхны зочин нь “Босоо Хөх Монгол”-ын тэргүүн, Улсын начин Г.Ганхуяг байсан. Түүнийг болоод дараа дараагийн зочид сэлтийг нь харвал Д.Сумъябазар сайдын бодлого харагдаад байна уу гэж хардахаар байгаа тухай үзсэн хүмүүс ярьдаг болов.

Өөрөөр хэлбэл, ТВ6-гийн Насаагийн найруулж, Лодойгийн асуудаг “Улаан бал” нэвтрүүлэг Д.Сумъяабазарын “сумласан буу” болж таараад байгаа юм.

Ингэхээр Д.Сумъяабазар сайд ийм “буу”-гаар буудсаар ирэх сонгуультай золгох нээ гэсэн үг.

Эх сурвалж: news1.mn Б.Мөнх

SHARE