Гуанзны ширээн дээр “чанасан” КАЗАХ ЦАЙ

 

Монголын баруун аймгуудын нутгаар урсдаг хоёр их усан -Завхан, Хүнгий голын эрэг дагуух ширгэн дунд уурхайн гүний өрөмдлөг шиг эгц доошоо явсан нүх байх. Тэр нүхнээс томоороо шүдэнзний хайрцгийн хэмжээний аалз гарч ирнэ. Нутгийнхан “тэмээн аалз” гэж нэрлэнэ, бүгд эгдүүцэж жийрхэнэ. Оролдох ч үгүй. Оролдвол уурлаж гэдсээ дээш харуулан хараана гэж эмээнэ.

Уржнан Наурызын баярын үеэр бидний хэдэн нөхөд гадаадад аялал жуулчлалаар явж байгаад “Индонези” хоолны газар орсон юм. Тэнд нөгөө гайхал Завханых шиг том том биетэй индонези аалзнуудыг хайруулан тавган дээр шажигнуулан тосонд шарж байна. Монгол хэлтэй хөтөч орчуулагч маань арааны шүлс асгаруулсан амттайг нь гайхан идэж эхэллээ. “Та нар идэхгүй юу, би үнэ мөнгийг нь гаргаж даая” гэж байна. Бид идэх нь байтугай харж чадаагүй.

 

“Индонези” зоогийн газраас гарсны дараа бид хөтөч залууд гоморхлын үг хаяж, “Шарсан аалз идэх байтугай, идэхийг чинь харахад аймшиг байлаа” хэмээн үнэнээ өчлөө. Тэрээр биднээс хүлцэл өчсөн бөгөөд “Монголчуудын, хонины чанасан толгойны нүд ухаж идэж байгааг би өөрөө харж чаддаггүйтэйгээ харьцуулан бодож байж Та бүхнийг дөнгөж сая ойлголоо” гэж дахин дахин уучлал гуйсан юм. Сайхь хөтөч залуу МУИС-ийг төгссөн, монголоор ярина гэж ус цас. Тэрээр монгол хоолыг шилж сонгохгүйгээр идэхээс гадна ихэнхийг нь хийдэг гэнэ. Хонь муулж, гэдэс арилгахыг хүртэл сурсан нэгэн аж. Хуйхалсан толгойны чих, завьж, эрүү, хэл, тагнай юу л бол юу бүгдийг идэж чаддаг. Харин нүд иддэггүй. Тэр ч бүү хэл, монголчууд биднийг чанасан толгой мөлжих зууртаа нүдний ухархай руу нь хурц хутганы үзүүр хийж байгаад ганцхан эргүүлээд нүдийг нь гаргаад ирэхийг харж ч чаддаггүй аж. Дараа нь нүдний цөцгий бүхий дугариг хар голыг нь үлдээн гаднах махыг нь тойруулан хутгаар эсгэж аваад ам руугаа хийж амтархан зажлах монголчуудыг харах нь байтугай бодоход л түүний дотор муухайрч толгой нь эргэдэг юм байна…

Энэхүү аяллаас буцаж ирсний дараахан Бөхийн өргөөний баруунтаа Баян-Өлгийн Цэнгэл сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн харцага цолтон О.Бахыттай тааралдлаа. Явсан газрынхаа сониноос ярилаа. Аалзны тухай, хонины чанасан толгойн нүд иддэггүй хөтөчийн тухай ярихаа мартсангүй. Эцэст нь бивээр ганц аяга сайхан казах цай уух юмсан гэж түүнд өгүүлээд бараг л санаа алдсан байх. Ер нь баруун Монголын урианхай цай, казах цай ч мөн шимтэй шүү дээ. Над шиг, казах цайнд нугасгүй дуртай казах монголчууд олон байдаг. Тэрээр “За тэгвэл, хоёулаа казах цай уунаа” гэж хэлээд нэгэн гуанзанд  дагуулж орлоо. Би, казах цай захиалгаар чанадаг тусгай гуанз юм байх даа хэмээн бодож суув.

О.Бахыт харцага, зөөгч бүсгүйд “хоёр аяга сүүтэй цай, дүрдэг липтэн хоёр ширхэг” гэж захиалав. Ямар учиртайг мэдчих санаатай хараад л суулаа. Тэрээр зөөгчийн авчирсан аягатай сүүтэй цай руу дүрдэг липтэн хийж байна. Жинхэнэ ориг казах цайны үнэр ханхлаад явчихлаа шүү. Танил бөх маань ингэж гуанзны ширээн дээр казахын алдарт шаргал цай “чанаж” намайг дайлж билээ. Казах цайг хоол орлохуйц гэсэн яриа бий. Ингэхэд хоёрдугаар хоолыг ч арай орлохгүй байх аа. Харин нэг удаагийн нэгдүгээр хоолыг орлоно шүү. Итгэхгүй бол Та “Бахыт арга”-аар монгол сүүтэй цайн дээр дүрдэг липтэн хийж найруулаад “казах цай” болгон ууж үзээрэй.

SHARE