Бекхэм: Роналдо, Месси хоёрыг авч чадах ч юм билүү…

Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бекхэм АНУ-ын Майамид “Интер Майами” нэртэй шинэ хөлбөмбөгийн клуб байгуулсан. Тус клуб 2020 оноос Мэжор лигт бүртгүүлэн, анхны тоглолтоо хийх юм. Сүүлийн таван жил гаруйн хугацаанд Бекхэм Майамид хөлбөмбөгийн клуб байгуулахаар зүтгэсний дүнд ийнхүү эхнээсээ ажил хэрэг нь бүтэж байна. Тэгвэл түүнээс Криштиано Роналдо болон Лионель Месси нарыг багтаа авах боломж бий эсэх тухай асуухад ийм хариулт хэлжээ.

“Хэнийг эхэлж багтаа авахыг хүсэх вэ? гэвэл мэдээж Криштиано Роналдо, Лионель Мессиг нэрлэнэ. Гэвч энэ хоёрын Европын талбайд үзүүлсээр буй амжилт, формыг нь харвал одоогоор авахын арга алга. Яг одоогоор бол “Ювентус” болон “Барселона”-гаас өөр баг руу явна гэж төсөөлөхөд ч бэрх байна. Гэхдээ бас заавал Европ тивд замналаа өндөрлүүлэх ёстой гэж хэлж болохгүй. Цаашид харцгаая. Авч чадах ч юм билүү. Хөлбөмбөгт юу ч тохиолдож болдог гэдэг шүү дээ” хэмээн Дэвид Бекхэм өгүүлжээ.

Лионель Месси 2021 оны зун хүртэл “Барселона”-тай гэрээтэй бол Криштиано Роналдо 2022 оны зун хүртэл “Ювентус”-тай гэрээтэй.

news1.mn Р.Гэгээ

SHARE