Сургуулийн автобусны жолооч 50 гаруй хүүхдийг амьдаар нь шатаахыг завджээ

Италийн Милан хотноо нэгэн сургуулийн автобусны жолооч сенегал гаралтай эр 51 хүүхдийг шатааж хөнөөхийг завдсан хэргийнхээ улмаас баривчлагджээ.

Сенегал гаралтай Италийн иргэний үнэмлэхтэй 47 настай Оссейноу Си гэгч этгээд хүүхдүүдийг сургуулиас спорт заал руу хүргэх ёстой ч чиглэлээ өөрчилж, машин дотор хурдан шатдаг шингэн цацаж “Бүгдээрээ үхэх ёстой” гэж хашгирсан гэнэ.

Хэдийгээр автобусанд хүүхдүүдийн хамт гурван том хүн явсан ч түүний үйлдэлд бүрэн саад хийж чадаагүй аж. Харин хүүхдүүд утсаараа цагдаа дуудснаар автобусыг зогсоож, гэмт этгээдийг баривчилжээ.  12 хүүхэд, нэг том хүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна.

Одоогоор яг ямар сэдлээр аллага үйлдэх гэснийг эцэслэн тогтоогоогүй ч Газрын Дундад тэнгисээр дамжин Африкаас Итали руу олноороо дүрвэгчид далай тэнгист амиа алдаж буй явдал сенегал эрд өшөө авах бодол төрүүлсэн байж болох гэнэ. Тэрбээр өмнө нь согтуугаар жолоо барьсан болон бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож байжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE