Warner Bros-ийн тэргүүн Цүжихара жүжигчин бүсгүйд ёс бус санал тавьсныхаа төлөө ажлаа өгөв

Warner Bros-ийн тэргүүн Кевин Цүжихара жүжигчин бүсгүй Шарлотта Киркийн жүжигчний замналд нь тус болно гэж секс харьцаа шаардсан явдал үнэн болох нь нотлогджээ. Ингэснээр түүнийг ерөнхий захирлын албан тушаалаас нь халсан байна.

“Сүүлийн 25 жилийн хугацаанд Кевин Цүжихара манай студийн амжилтад их нэмэр нөлөө үзүүлсэнд нь талархая. Тэрбээр өөрийн алдаагаа бүрэн хүлээн зөвшөөрч, цаашид компанийн ажилд оролцох боломжгүй болсноо ухамсарласан” хэмээн Warner Bros-ийн удирдлагуудын нэг Жон Стэнки өгүүлжээ.

Энэ сарын эхээр Кевин Цүжихара болон Шарлотта Киркийн хоорондоо бичсэн зурвасуудыг The Hollywood Reporter дэлгэсэн тавьсан юм. 2013 онд буюу Шарлотта Киркийг 21 настай байхад Цүжихара секс үйлчилгээний хариуд жүжигчний замналыг нь дэмжиж, томоохон дүр олж өгнө гэж амласан нь зурвасаас тодорхой болсон юм.

2015 онд Шарлотта Кирк “Амлаж байснаараа туслахад бэлэн үү?” гэж Цүжихарагаас асуусныг мөн зурвасын түүхээс олж харж болно. Үүний хариуд Цүжихара “Орой чамтай Ричард холбогдох болно” гэж бичсэн байна. Ингээд 2016 онд Шарлотта Кирк Warner Bros-ийн хоёр ч кинонд тоглосон аж.

news1.mn Р.Гэгээ

SHARE